БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил өнгөрч байгааг тохиолдуулан Оросын эсрэг 20 дахь багц хориг арга хэмжээг Европын Холбоо /ЕХ/ баталж чадсангүй.
Одоо Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта нар хоёрдугаар сарын 24-нд буюу өнөөдөр Украинд хийх айлчлалынхаа үеэр хоригийг чангатгаснаа төлөвлөсний дагуу зарлаж чадахгүй боллоо.
Хориг арга хэмжээтэй холбоотой маргаан нь шинэ багцын агуулгатай холбоогүй байна. ЕХ-ны гишүүн улсуудын аль нь ч Москвад үргэлжлүүлэн шахалт үзүүлэх шаардлагатай гэдэгтэй маргахгүй байгаа ажээ. Харин дахин хязгаарлалтын арга хэмжээ нэвтрүүлэх шийдвэрт Унгарын тал хориг тавьж, Украины нутгаар дамжин өнгөрдөг “Дружба” хоолойгоор Оросын газрын тосны тээвэрлэлтийг сэргээхтэй шууд холбон үндсэндээ хоригийн шийдвэрийг түүнээс хамааралтай болгожээ.
"Харамсалтай нь бид 20 дахь багц хориг арга хэмжээний талаар тохиролцоонд хүрч чадсангүй. Энэ бол ухралт, гэхдээ ажил үргэлжилсээр байна" гэж Европын дипломатын албаны тэргүүн Кая Каллас даваа гарагт Брюссельд болсон Европын Холбооны Гадаад хэргийн зөвлөлийн хурлын дараах хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Украины тал Унгар улс руу газрын тосны нийлүүлэлтийг сэргээгээгүй цагт бид “украинчуудад ашигтай эсвэл чухал шийдвэрийг Брюссельд батлахад бэлэн бус байна" гэж Петер Сийярто хурал эхлэхийн өмнө мэдэгджээ. “Бид 20 дахь багц хоригийг батлахыг дэмжихгүй, учир нь Украин Унгар руу газрын тосны нийлүүлэлтийг сэргээхгүй байхаар шийдсэн нь манай улсын эрчим хүчний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Унгар улс ЕХ-ны шийдвэрт анх удаа хориг тавьж байгаа нь энэ биш юм. Тус улс Украинд дайн эхэлснээс хойш хориг тавих эрхээ хэд хэдэн удаа хэрэгжүүлжээ.
Будапешт, Брюсселийн хооронд үүсээд буй маргааны гол сэдэв нь Оросын нефтийг “Дружба” хоолойгоор дамжуулахыг түр зогсоосон нь техникийн асуудал уу эсвэл Киевийн улс төрийн шийдвэр үү гэдэг асуудал юм. Унгарын тал дамжин өнгөрөх нийлүүлэлтэд ямар ч техникийн саад байхгүй гэж мэдэгдэж байгаа юм. Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто хэлэхдээ, уг хоолой нь техникийн хувьд бүрэн ажиллагаатай, дэд бүтцэд гэмтэл учирсан тухай мэдээлэл нь худал" гэжээ. Тэрбээр мөн хэлэхдээ “Дружба” хоолойд Оросоос нэг ч цохилт өгөөгүй, нийлүүлэлтийг зогсоосон нь "Унгарын чиглэсэн улс төрийн шахалт" гэсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 02 сарын 24,
2026
Сэтгэгдэл4
ЕХ Европын татвар төлөгчдийн мөнгийг дайнд зарцуулаад Европ сүйрч байна даа
Рашист түрэмгийлэгчийг даврааж болохгүй
ёвропийн холбооны улсууд гэсэн ёвропийн улсуудын эдийн засгийг сордог брюсселийн сая шахам хүнтэй захиргааны ажилтнууд татварын мөнгөөр сайхан найрлаж ёвропийн улсуудыг улам гуйрамч хувхай нүүртэй болгож ядууруулж байна дээр нь 35 триллон долларын өртэй америк би үхэхээр чи үх гэж ядууруулж байна хиймэл ёвроп тарвал таарна
Эзнийхээ төлөө зүтгэсээр