sonin.mn

МЮНХЕН, 2026 оны хоёрдугаар сарын 16 /euronews/. Барууны орнуудын дунд үзэл бодлын зөрүү байгааг аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурлын жил тутмын уулзалт тод харууллаа. Марко Рубио Европын орнуудад хандан Өрнөдийг аврахад туслахыг уриалсан бол Кая Каллас хариуд нь "Европын Холбоог аврах шаардлага үүсээгүй" гэж мэдэгдэв.

Германы Мюнхен хотод жил бүр болдог уг уулзалтад АНУ, Украин, Европын орнуудын дээд түвшний төлөөлөгчид оролцож, Атлантын далай дамнасан харилцаанд гол анхаарлаа хандуулжээ. Гурав хоног үргэлжилсэн яриа хэлэлцээний үеэр Өрнөдийн орнуудын үзэл баримтлал, тэднийг төлөөлж буй үнэт зүйлс хоёр талцаж буйг тод харууллаа.АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нийтлэг соёл иргэншлийн хувиар Өрнөдийг аврахад туслахыг Европын орнуудад уриалсан бол Кая Каллас "Өрнөдийг аврах шаардлага үүсээгүй" гэж мэдэгдэв. Энэ үеэр Владимир Зеленский Украиныг 2027 онд Европын Холбоонд элсүүлэхэд “техникийн хувьд бэлэн” байлгах хугацааг тохиролцохыг уриалжээ. 




Ингээд улс орнуудын удирдагчид, сайд нарын илтгэлүүдээс гол эшлэлүүдийг хүргэж байна. 



М.Рубио: АНУ “дуулгавартай ажиглагч” байх сонирхолгүй байна 


“Холбоотнууд эвдэгдсэн статус-квог зөвтгөхийн оронд үүнийг хэрхэн засаж залруулах талаар бодож эргэцүүлдэг байхыг бид хүсэж байна. Учир нь Европын орнууд уруудан доройтож байгааг чимээгүй ажиглахыг бид хүсэхгүй байна” гэж М.Рубио мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч саяхан Гренландыг хүчээр авна хэмээн сүрдүүлснээс үүдэлтэй хурцадмал байдал хэвээр байгаа энэ үед өнгөрсөн онд Европтой холбоотой ширүүн үг хэлсэн Жей Ди Вэнсийн илтгэл давтагдахгүй гэж найдаж байсан Европын удирдагчид М.Рубиогийн илтгэлийг амьсгаа даран сонслоо. 


Хэдийгээр Рубио үгээ илүү зөөлөн өнгө аястай хэлсэн боловч Вэнсийнхтэй ижил агуулгатай байлаа. “Бодлогогүй гаргасан шийдвэрүүд, мөн уур амьсгалын өөрчлөлтөд хэт төвлөрч, цагаачдыг олноор нь хүлээн авснаас үүдэлтэй соёл иргэншлийн уналт Баруунд нүүрлээд байна. Түүнийг аврах шаардлагатай” гэж тэрбээр хэлжээ. 

Харин Европын Холбооны Дээд төлөөлөгч Кая Каллас энэ мэдэгдлийг няцаажээ. "Зарим хүний хэлж байгаагаас ялгаатай нь гэвэл, Европ тив соёл иргэншлийн сүйрэлтэй тулгараагүй. Энэ бол өнгөрсөн онд нийтлэгдсэн, уур амьсгал, цагаачлал зэрэг бодлогын чухал чиглэлийг өөрчлөхийг уриалсан АНУ-ын үндэсний аюулгүй байдлын тухай баримт бичигт үндэслэсэн эшлэл юм” гэжээ. 


В.Зеленский: Энхийн хэлэлцээнд Европын төлөөлөгчид оролцохгүй байгаа нь “том алдаа”



“Европын төлөөлөгчид хэлэлцээний ширээний ард бараг суухгүй байна. Энэ бол миний үзэж байгаагаар том алдаа. Бид Европыг энэ үйл явцад бүрэн оролцуулахыг хичээж байна, тэгснээр Европын ашиг сонирхол, дуу хоолой бүрэн тусгагдах болно. Энэ бол маш чухал” гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.

Доналд Трамп өнгөрсөн онд Вашингтон-Москвагийн харилцааг сэргээсний дараа Европын орнууд Украины дайныг тайван замаар шийдвэрлэх яриа хэлэлцээний гадна үлдээд байгаа. Украин, Оросын хооронд болж буй хоёр талын хэлэлцээ АНУ-ын зуучлалаар Европоос хол газруудад явагдаж байгаа юм.


Ф.Мерц: Бидний мэдэх дэлхийн дэг журам одоо байхгүй болсон 


“Бид үүнийг илүү хатуу үгээр хэлэх хэрэгтэй гэж бодож байна. энэ дэг журам, магадгүй цэцэглэж байсан үедээ ч төгс биш байсан, одоо үгүй болсон” гэж мэдэгджээ.

Мерцийн үзэж байгаагаар, Дэлхийн II дайны дараах олон улсын дэг журамд суурилсан, Баруун улсууд АНУ-ын удирдлага дор нэг фронт болж оршиж байсан тогтолцоо төгсгөл болж, одоо “аль хүчтэйгийнх нь улс төр” эргэн ирж, хатуу, ихэнх тохиолдолд урьдчилан таамаглах боломжгүй дүрмүүд нь ноёрхож байна.

Тэрбээр хэлэхдээ, энэхүү шинэ эрин үед “Европын эрх чөлөө гэдэг зүйл өөрөө ойлгомжгүй болсон” бөгөөд түүнийг хамгаалахын тулд хатуу чанга, шийдэмгий байх шаардлагатай” гэж анхааруулжээ.


Э.Макрон: Франц улс "цөмийн шүхэр"-ийн асуудлаар Германтай хэлэлцээ хийж байна



"Франц улс Германы болон Европын бусад удирдагчидтай стратегийн яриа хэлэлцээг эхлүүлж, цөмийн тогтоон барих асуудлаарх бодлогын үндэсний үзэл баримтлалыг хэрхэн тодорхойлох талаар ярилцаж байна" гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгджээ. 

"Энэхүү яриа хэлэлцээ бол батлан ​​​​хамгаалах, аюулгүй байдлын цогц арга арга хэмжээний хүрээнд цөмийн тогтоон барих арга замыг боловсруулахад чухал ач холбогдолтой. Герман, Францын стратегийн бодлогыг уялдуулах арга юм" гэж тэрбээр хэлсэн байна



М.Фредериксен: Трамп Гренландыг хяналтдаа авахыг эрмэлзсэн хэвээр байна


НАТО зуучилсны дараа Гренландтай холбоотой хурцадмал байдал бүрэн арилсан эсэх тухай асуултад Дани улсын Ерөнхий сайд Метте Фредериксен хариулахдаа “харамсалтай нь АНУ-ын Ерөнхийлөгч Гренландыг хяналтдаа авахыг хүссэн хэвээр байна гэж бодож байна” гэв.

Өнгөрсөн сард АНУ, Гренланд, Данийн төлөөлөгчид гурван талт хэлэлцээ хийж, НАТО-гийн гишүүн орнууд "Arctic Sentry" нэртэй бүс нутгийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсон юм.



Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг