sonin.mn

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засаг болон байгаль орчны үр өгөөж өндөр байх талаар ТЭЗҮ-д тусгаж, эрсдэлийг судалжээ.


Төсөл ашиглалтад орсноор: 


  • Хотын төвийн бүсийн замын ачаалал дунджаар 23-50 хувиар буурч, оргил ачааллын үеийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаагаас 23.3 хувиар нэмэгдэх боломжтой гэж тооцоолжээ. Үүний зэрэгцээ замын нэвтрүүлэх чадвар байршлаас хамааран Зүүн дөрвөн замд 23 хувь, Баруун дөрвөн замд 21 хувь, Баянбүрдийн тойрогт 14 хувь, Их Монголын гудамжинд 10 хувиар тус тус өснө.
  • Төслийн үр дүнд хүхэрлэг хий 2.8 хувь, азотын давхар исэл 18.1 хувь, PM10 тоосонцор 7.7 хувь, нүүрсхүчлийн хий 3.8 хувиар тус тус буурах бол тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол нийт дүнгээрээ найман хувиар буурна.
  • Төсөл ашиглалтад орсноос хойш 10 жилийн дотор өртгөө нөхөх тооцоолол гарсан бөгөөд нийт төсвийн 49 хувь нь дотоодын зах зээлд эргэлдэж, үндэсний үйлдвэрлэгчид болон ажлын байрыг дэмжих чухал ач холбогдолтой юм. Мөн Нэгдүгээр тойрог замаар өдөрт дунджаар 216 мянга орчим тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой болсноор хотын гол замуудын ачааллыг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх юм.
  • Барилгын ажил үргэлжлэх 36 сарын хугацаанд тухайн орчны тоосжилт 15-20 хувиар нэмэгдэх эрсдэлтэй бөгөөд замын трасс нь Туул голын хөндий болон усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг дайрч буй тул байгаль орчны “улаан шугам”-ыг давж болохгүй хатуу хязгаарлалтуудыг мөрдөнө. Түүнчлэн шинээр тавигдах замын дагуух суурьшлын бүсэд дуу чимээний түвшин олон улсын стандарт болох 60-70 дБ-ээс давах магадлалтай байгаа тул дуу чимээний хаалт, хамгаалалтын нэмэлт инженерийн шийдлүүдийг төсөлд заавал тусгах шаардлагатайг холбогдох мэргэжилтнүүд онцолж байна.


“Нэгдүгээр тойрог зам” төслийн трассын нөлөөллийн бүсэд нийслэлийн 5 дүүргийн 29 хороо хамрагдаж байгаа бөгөөд ойролцоогоор 3000 гаруй айл өрхийн газрыг чөлөөлөх юм.