sonin.mn

Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. Өчигдөр Сомали улсын нийслэл Могадишо хотын нисэх онгоцны буудлаас хөөрсөн Fokker 50 загварын нисэх онгоц техникийн доголдлын улмаас далайн эргийн усанд буухаас аргагүйд хүрчээ.


Уг онгоцыг эзэмшигч Starsky Aviation компанийн мэдэгдсэнээр, чухамдаа нисгэгчийн авхаалжтай хурдан шаламгай үйлдлийн ачаар онгоцонд байсан 50 зорчигч, нисэх багийн 5 гишүүн туйлын эрсдэлтэй байдлаас бүгд эсэн мэнд гарсан байна.


Сомалийн Иргэний агаарын тээврийн удирдах газрын /ИАТУГ/ мэдээлэлд дурдсанаар, Могадишо хотоос хөөрсөн Fokker 50 онгоцны багийнхан хөөрсөн даруйдаа уг онгоцонд техникийн саатал гарсныг мэдэгдээд, буцаж буух зөвшөөрөл хүсжээ. Харин уг онгоц хөөрч буух талбайн зам дээр тоормозлон зогсох боломжгүй байсан тул замаас гарч Энэтхэгийн далайн эрэгт газардсан байна.


Нийгмийн сүлжээний хуудсанд нийтэлсэн бичлэгүүдийг үзвэл, хүмүүс онгоцноос өөрсдөө гараад ус туулан яваа нь харагдана. Тэднээс хэн нь ч гэмтэж бэртээгүй байна. Зорчигчид, нисэх багийнхныг аврахаар эмч нар, НҮБ-ын цэргүүд, Африкийн Холбооны төлөөлөгчийн газрынхан иржээ.


Онгоц ослын буулт хийхэд хүрсэн техникийн шалтгааныг тодруулахаар шалгалт явуулж байна гэж Starsky Aviation компанийн төлөөлөгч Хасан Мохамед Аден мэдэгдлээ. 




Б.Адъяахүү