sonin.mn

АБУ-ДАБИ, 2026 оны хоёрдугаар сарын 6 /DW/. АНУ, Оросын төлөөлөгчид цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Европ дахь командлал (EUCOM) пүрэв гарагт мэдээлжээ. 


Стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид хорогдуулах, хязгаарлах арга хэмжээний талаарх Америк-Оросын гэрээний /START-III, Шинэ START/ хугацаа дуусаж байгаа үед талууд ийм тохиролцоонд хүрч байна. Уг гэрээ нь хоёр улсын цөмийн зэвсгийг хязгаарлах тухай цорын ганц баримт бичиг юм.


“Цэргийн байгууллагуудын хооронд яриа хэлэлцээг хадгалах нь дэлхий дахиныг энх тайван, тогтвортой байлгах чухал хүчин зүйл бөгөөд ил тод байдлыг нэмэгдүүлэх, хурцадмал байдлыг намжаах арга замыг бий болгодог” тус командлалын мэдэгдэлд дурджээ. Яриа хэлэлцээг сэргээж байгаа нь алдаатай тооцооллоос сэргийлэх зорилготой гэж EUCOM онцолсон байна. 


Өндөр түвшний харилцаа холбооны сувгийг 2021 оны намраас зогсоосон бол одоо НАТО-гийн Европ дахь Нэгдсэн цэргийн хүчний командлагч генерал Алексус Гринкевич, Орос, Украин улсуудын өндөр албан тушаалын төлөөлөгчид хэлэлцээ хийсний дараа сэргээж байна.


START–III гэрээний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан НАТО “хариуцлагатай, хүлээцтэй байхыг” уриалсан гэж АР агентлаг мэдээлжээ. Мөн Axios цахим хуудсанд гурван эх сурвалжийг эш татан бичсэнээр, АНУ, Оросын талууд уг гэрээний нөхцөлийг үргэлжлүүлэн дагаж мөрдөх талаар тохиролцоонд хүрэхэд ойртсон гэжээ. Талуудын хэлэлцээ Абу-Даби хотод болж, 24 цаг үргэлжилсэн боловч тохиролцоонд хүрээгүй байна. Одоогоор START-III -ын нөхцөлийг нэмэлт хугацаанд, магадгүй зургаан сарын хугацаанд дагаж мөрдөх боломжтой эсэх нь тодорхойгүй байна. Цагаан ордны зүгээс уг мэдээлэлд тайлбар өгөөгүй байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг