БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /SCMP/. Хятадын Гуандун мужийн хог хаягдал дахин боловсруулах газрын нэгэн ажилтан цахилгаан хэрэгслийн хог хаягдлаас 29 мянган ам.доллароор үнэлэгдэх алт гарган авч буйг харуулсан бичлэг Хятадын нийгмийн сүлжээнүүдэд ихээхэн шуугиан тарьжээ.
Тодруулбал, Хүэйжөү хотын Чяо овогтон хоёр тонн электрон хог хаягдлыг дахин боловсруулж, 191 грамм алт гаргаж авч буй үйл явцыг үзүүлсэн байна. Уг бичлэг шууд таван сая гаруй хандалт авчээ.
Чяо бичлэгээ нийгмийн сүлжээнд нийтэлсний дараа Хятадын цахим худалдааны платформуудад хуучин SIM карт худалдах зарын тоо нэмэгджээ. Хятадын нийгмийн сүлжээ хэрэглэгчид Чяог “алхимич” гэж нэрлээд уг процесс гаднаасаа хялбар мэт харагдаж байгаа боловч бодит амьдрал дээр химийн мэдлэг, их туршлага шаарддаг гэдгийг онцолж байна. Харин Чяо хэлэхдээ, сонирхогчид гэртээ ийм оролдлого хийх нь аюултай бөгөөд хууль бус байж болзошгүй гэдгийг анхааруулжээ.
“Би тодорхой төрлийн цахилгаан хог хаягдлыг хууль ёсоор, бүх зөвшөөрлийн дагуу дахин боловсруулдаг. Миний зорилго бол мэргэжлийнхээ ур чадварыг харуулах явдал юм” гэж тэрбээр хэлсэн байна.
Хятадад үнэт металл боловсруулах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг. Хууль бусаар боловсруулсан тохиолдолд 500 мянга хүртэл юаниар (72 000 ам.доллар) торгох, хүрээлэн буй орчныг бохирдуулсан бол хорих ялаар шийтгэдэг байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 02 сарын 03,
2026
Сэтгэгдэл0