sonin.mn

Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд тендерт оролцох иргэн, ААН-д зориулсан “Open procurement” сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. Өнөөдрийн арга хэмжээнд 700 ААН бүртгүүлжээ.

Сургалтаар хэлэлцүүлэгдсэн асуудлын талаар нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул мэдээлэл өглөө.



Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2025 онд нийслэлийн хэмжээнд 567 төсөл, арга хэмжээг төлөвлөн 92 хувийн амжилттай буюу 519 арга хэмжээнд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байна. Үүнээс 505 буюу 97 хувьд нь дотоодын ААН-үүд, 14 нь буюу 3 хувьд нь гадаадын ААН шалгарчээ. Эдгээр төсөл, арга хэмжээг салбараар нь авч үзвэл авто замын салбарт 48, барилга байгууламж 44, барилгын засварт 110 төсөл арга хэмжээнд гүйцэтгэгчийг шалгаруулан ажиллалаа. 2026 онд орон нутгийн болон төрийн худалдан авах хуулийн дагуу 1.1 их наядын 200 төсөл арга хэмжээнд шалгаруулалт хийнэ. Үүнээс 102 төсөл арга хэмжээг нээлттэй зарлаад байна. Хуульд заасны дагуу тавдугаар сарын 30-наас өмнө амжилттай шалгаруулсан байх ёстой. Бид гуравдугаар сарын 15-ны дотор бүх худалдан авалт, үйлчилгээгээ зарлахыг нийслэлийн Засаг дарга үүрэг болгосон” гэлээ.




Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерт оролцогчдод цахим системээр тендерт хэрхэн оролцох, хэрхэн алдаагүй зохион байгуулж, илгээх талаар сургалт хийх хүсэлт ирсэн. Төрийн худалдан авах ажиллагааны газар нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн ашиглалт, хөгжүүлэлтийг хариуцдаг. Энэ хүрээнд нийт ААН-д тендерт оролцоход юу анхаарах вэ, ямар материал бүрдүүлэх вэ, тус цахим систем дээр анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өглөө. Систем хэвийн ажиллаж байна. Зохион байгуулалтын зарим асуудлаас ачаалал үүсэх тохиолдол бий. Тухайлбал, захиалагч байгууллагууд даваа гарагийн 09:00 цагаас бүх тендерээ нээхээр зарладаг. Манай систем цагт 200 тендер нээхэд ямар ч ачаалалгүй байдаг. Гэвч даваа гарагийн өглөө тендер зарлахаар амралтын өдрүүдэд лавлагаа гаргадаг бусад байгууллага амардаг учраас оролцогчгүй тендер шалгаруулалт болох гээд байдаг. Үүнээс болж аль аль талдаа ажлаа алдах болдог. Төрийн байгууллагууд даваа гарагийн өглөө тендер шалгаруулалтаа зарлалгүйгээр бусад цаг, өдрүүдэд нээх хэрэгтэй. Манай системд ТЕГ-аас шалгалт хийхэд “Тендерийг урьдчилаад илгээсэн тохиолдолд нээж харах ямар ч боломжгүй” гэж дүгнэсэн. Тэгэхээр ААН-үүд түрүүлээд илгээвэл мэдээллээ алдахгүй учраас урьдчилаад илгээж байхыг хүсье” гэв.


Өнөөдрийн сургалтаар худалдан авах гэрээний хүрээнд урьдчилгаа төлбөр олгох нөхцөл, урьдчилгаа төлбөрийн хэмжээ, түүнийг олгохдоо шаардагдах баталгаа гаргах журам, баталгааны хэлбэр, хүчинтэй хугацаа, мөн урьдчилгаа төлбөрийг зориулалтын дагуу ашиглах, тайлагнахтай холбоотой захиалагч болон гүйцэтгэгч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой тайлбарлалаа. Мөн урьдчилгаа төлбөрийг олгосон тохиолдолд гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, хуульд заасан үндэслэлээр баталгааг орлого болгох нөхцөл, түүнчлэн урьдчилгаа төлбөртэй холбоотой нийтлэг гардаг алдаа, анхаарах асуудлын талаар бодит жишээтэйгээр мэдээлэл өгөв. Энэхүү мэдээлэл нь аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг бууруулах, төрийн худалдан авах ажиллагаанд идэвхтэй, хариуцлагатай оролцох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.


Барилгачдын холбооноос бэлтгэл ажил хангахтай холбоотойгоор цаашид зарлах тендерүүдэд урьдчилгаа олгох хүсэлт гаргасан юм. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 43 дугаар зүйл /Урьдчилгаа төлбөр, түүний баталгаа/-д заасны дагуу худалдан авах гэрээнд урьдчилгаа төлбөр олгох нөхцөлийг тусгасан тохиолдолд гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр олгох боломжтой бөгөөд уг төлбөрт баталгаа гаргуулахаар хуульчилсан байдаг. Эдгээр хуулийн зүйл, заалтад нийцүүлэн тендерт оролцогч нарт урьдчилгаа төлбөр олгож, ажлын тендер зарлахаар боллоо.