ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Кубаас учирч буй аюул заналтай холбогдуулан онцгой байдал зарлаж, Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудын бараанд татвар ногдуулахаар шийдвэрлэснээ мэдэгджээ.
Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, тэрбээр “Кубын дэглэмийн явуулж буй хорлон сүйтгэх үйл ажиллагаа, бодлогоос АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогыг хамгаалах" зорилготой зарлигт гарын үсэг зурсан байна.
Уг зарлигийг гаргаснаар Кубад шууд болон шууд бусаар нефть нийлүүлж буй улс орнуудаас импортлох бараанд нэмэлт татвар ногдуулах ажээ. Цагаан ордны тайлбарласнаар, АНУ-ын засаг захиргаанаас авсан энэхүү арга хэмжээ нь “дайсагнасан хүчнүүд, терроризмыг” дэмжиж, “АНУ-ын аюулгүй байдал, гадаад бодлогод аюул учруулж, бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож буй Кубын дэглэмд хариуцлага хүлээлгэхэд чиглэсэн байна.
Мөн Кубад ОХУ-ын радио тагнуулын мэдээлэл цуглуулах гадаад дахь хамгийн том байгууламж байрладаг гэдгийг онцолжээ.
Үүнээс гадна, Куба нь үндэстэн дамнасан террорист бүлэглэлүүдийг орогнуулдаг бол эрх баригч дэглэм нь улс төрийн өрсөлдөгчдөө хавчин гадуурхаж, эрүүдэн шүүдэг гэж мэдэгдэлд дурдсан байна. Кубын эрх баригчид тус улсын эсрэг авсан шинэ арга хэмжээг эрс буруушааж байна гэж Карибын тэнгисийн тус улсын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилья мэдэгдэв. “АНУ-аас Кубын эсрэг хийж буй хамгийн сүүлчийн алхмыг бид эрс буруушааж байна. Одоо тэд манай улсад түлш нийлүүлэхийг бүрэн хаах гэж байна” хэмээн сайд X нийгмийн сүлжээнд бичжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 01 сарын 30,
2026

Сэтгэгдэл0