Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
Дэлхийн хэмжээний том дайн гарах аюулыг хазаарлагч, хязгаарлагч, бүр боломжгүй болгож цэг тавьж чадах хүчин зүйлүүдийн тоог байнгад л нэмэгдүүлж, чадамжийг нь ч тасралтгүй өсгөж, шийдвэр нэг бүрийг нь хууль мэтээр мөрдүүлж байх хэрэгтэй боллоо.
Дэлхийн нэг ба хоёрдугаар дайны үед хазаарлагч байгаагүй. Хоёрдугаар дайны дараа л хазаарлагч хэрэгтэйг тэр үеийн улстөрчид ойлгож НҮБ-ыг буй болгожээ. Гэхдээ НҮБ хазаарлагч байх үүргээ биелүүлж чадахгүй нь түүний 80 жилийн турш дахь үйл ажиллагаагаар нотлогдчихлоо.
Энэ хугацаанд хазаарлагчийн үүргийг НҮБ биш цөмийн зэвсэг, атомын бөмбөг л гүйцэтгэж байв. Алив бүхэн, аюул, бүр цөмийн дайны аюул хүртэл цаг хугацааны элэгдэлд ордог юм байна. Дайны хэнээтнүүд нэг ба хоёрдугаар дайны хонзогногчид, дайнаас ашиг олж амташсан улс орон, дайны нөлөө, сүйрлээс өөрсдийгөө хол байгаа гэж мунхаглан тооцогсод тактикийн цөмийн зэвсэг хэрэглэхийг уриалах шахуу ааш авир гаргах болов. Дэлхийн дайныг орчин үеийн нөхцөлд (даяаршил болон ардчиллын эрин үед) улстөр-эдийн засгийн харилцааны том том төвүүд, тэдгээрийн хоорондох найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хазаарлаад байх бололцоотой нь амьдралаар нотлогдож эхэллээ. Энэ бол цөмийн зэвсэг, НҮБ хоёр дээр нэмэгдэж байгаа гуравдахь хүчин зүйл юм. Дэлхийн хэмжээний томчууд дотроос жанжлагч гарч ирэх боломж бодит байдалдаа бүрэн үгүйсгэгдэх болно. Том төв бүхэн бусад томчуудынхаа санал, зөвлөгөөг авах, дагах нь гарцаагүй шүү дээ. Ингээд л цөмийн дайны сүйрэл, дэлхийн дайн хазаарлагдсаар байх буйзаа. Гэхдээ ганцаараа жанжлахыг хүсэгч нэг солиотон гарч ирээд бусадтайгаа тулалдах, бүр цөмийн зэвсэг хэрэглэхийг бүрэн үгүйсгэх аргагүй. Тохиолдлоор гарч ирэх тийм үзэгдлийг бусад нь яаж ийгээд болиулах, ухраах л байх л даа. Юуны хэрэгтэй гэж бид оюун ухаан төгс амьтад болсон билээ!
Дэлхийн том дайны ил, далд өдөөгч нь дандаа л томчууд байв. Нэг жижигхээн улс орон дэлхийн дайныг дэгдээх боломж ер үгүй. Өнгөрсөн түүх энэний гэрч, нотолгоо нь болдог. Том эзэнт гүрнүүдийн хоорондох зөрчил, тэмцэл л дэлхийн дайны өдөөгч болж байв.
XIX, XX зууны дэлхийн түүх, дэлхийн нэг ба хоёрдугаар дайны эхлэл, явц, төгсгөл энэний нотолгоо юм. Холбогдох шийдвэрүүдийг томчууд л гаргасан шүү дээ. Газын зурваст эдүгээ гарч ужгирсан дайныг зогсоох шийдвэрийг гаргахад байлдаж байсан хоёр тал биш, харин АНУ тэргүүтэй тэр хавийн томчууд л хэлэлцэж тохиролцов. Чухамдаа хэн хэний далд оролцоо, түлхээсээр, хэн хэний зэвсгээр тулалдаж байгаад л асуудлын шийдэл оршдог ажээ. Энэ зууны бодит байдал гэвээс томрох боломжтой нь томорчихлоо, томчуудын эгнээнд орж суудал, суудлаа ч эзэлчихлээ. Ингэж олон төвтэй дэлхий дахин хэнээс ч үл хамааран, үл асууж буй болчихлоо. Энэ бодит байдлыг ойлгож, түүнтэй зохицож бие биесээ авч явах л хэрэгтэй, өөр санаа, санаархал, оролдлого хэрэгжих боломжгүй. Энэнийг эс ойлгосон, ойлгосон ч хүлээн зөвшөөрөөгүй нь өөрөө л хохирох болно.
Дэлхийн дайныг хазаарлагчдын тоог ч нэмэх хэрэгтэй, бас хүч, нөлөөг нь ч нэмэх хэрэгтэй. Энэ бол заавал хийгдэх ёстой ажил.
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй. Сургамжийг нь дэлхий дахинд сурталчлах хэрэгтэй. Том дайнд ялж гарсан, үнэний төлөө тулалдаж дийлсэн талын нь бахархлын хүч, эрчим, нөлөө нь ялагдсан дайчдын хонзогнолын хүч, эрчим, нөлөөнөөс хавьгүй илүү их хүчтэй, ялалтаа давтах өндөр магадлалтай байдаг нь энэ хямралын явцаас тод харагдаж байна. Энэ бол чухал шинж, тооцож байх ёстой нэгэн сургамж юм. Украин дахь хямралын сургамж тун олон талаар, тун олон асуудлаар хүмүүсийн нүдийг нээнэ, мартсаныг сануулна, хуурамчлалыг илчилнэ, өмнөх дайнуудын үлдэгдэл хүч, хонзогнол, барууныхны шинэ, нууц зорилго, санаархлыг тодруулна, тэд цааш цаашдаа юу сэдэх, төлөвлөхийг нь урьдчилан харж сэргийлэх боломж ч олгоно. Барууныхны сэтгэлзүй, ухамсар, үзэл суртал дахь “нян, вирусыг” ч шинжлэхэд их хэрэг болно. Эзэнт гүрний тоо цөөрөн цөөрсөөр, зэрэгцээд улс орон нэг бүр биеэ даасан тусгаар тогтносон субъектууд болсоор ирсэн хэдий ч өнөөдөр гэхэд л бусдын нөлөөнд орсон, хүлэгдсэн улс орон цөөн биш байгаа нь нууц биш. Энэ бодит нөлөө, хамаарлыг нь ойлгож, тооцож тэдэнтэй харилцах нь ч чухал байна.
Тэд үнэндээ бол улстөр-цэрэг дайны харилцааны тусгаар нэгж, эзэн субъект биш шүү дээ! Тэдний дунд хөөрхийлөлтэй нь ч буй, буруу сэхсэн нь ч буй, гүнзгий төөрөлдчихсөн нь ч буй. Болчимгүй хүмүүс, ойворгон, гэнэхэн залуус, мэдлэг ба туршлагагүй хүмүүс төр, засагт нь шургалчихсан улс орон ч цөөн бус.
Их Британи хамгийн том колончлогч болтлоо бусадтай өрсөлдөж, олон дайн өдөөж, олон улс орон, олон тивийн баялгийг дээрэмдэн авч баяжсан түүхтэй. Гэвч цагийн эрхээр энэ ноёлох байр, сууриа алдсаар иржээ. Төр засаг нь, баячууд, элитүүд нь урд өмнөх байр, суурь, эрх, мэдлээ байнгад эргэн санагалзаж, гол төлөв “бусдын гараар могой бариулах” аргачлалд шилжиж, хаашаа л бол хаашаа хомхойрч байх болсон юм. Тэрээр олон дайны далд эзэн, өдөөгч байсан нь түүхэн үнэн болно. Украин дахь хямралыг үргэлжлүүлж явц дунд нь болон эцсийн үр дүнд нь “томоохон унацтай үлдэхийг” тэд санаархаж, ил далд олон арга хэрэглэж, хорлон сүйтгэх, алан хядах, тагнах гаршсан бурангуй сурц, үйлдлээрээ Украины нацистуудад багшилсаар байна. Франц, Герман, Польш, Финлянди, Эстони мэтийн олон орны элитүүд ч иймэрхүү үйл хэрэгт нь ойрын холбоотон болон оролцож өөрсдийгөө гутааж, улс орноо сүйрлийн ирмэгт авч ирцгээлээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Даваа - 01 сарын 26,
2026

Сэтгэгдэл5
Өөрөөс нь хамааралгүй болж өөдлөх гсэн ямар ч улс орыг АНУ , Өрнөд татан унгаж мөнхийн колонио байлгахыг зорьдог. Ливи, Венесуэл, Орос,Чили,Югослв…. Тод жишээ
Дайн гээч, хямрал гэчихжээ Ч.... ац чинь
Коммунуст хүн элэнцэгээ судлахав дээ. Дүгнэлт гаргах гэхээр Ленин ий хэлсэн үг толгойноос нь гарахгүй юм чинь
Амидаа ах гуай! Элэнцэгийн чинь хямрал вэ? Хямралыг зориудаар дэгдээгч өдөөгч, түрэмгийлэгч нь Путин гээд тодорчихсон байхад Та гуай Путин хир халдаахгүй гээд үзчих юм аа. Оросоос мөнгө даалгавар авснаа жаахан ч гэсэн нууж бай. Хожим ороогдоод цагдаа тагнуулаас салахаа байвал 80 насыг зооглох Танд үл хүсэх тоглоом болно шүү!!!!!!!!
Чулуу хичэээн уншавч чулуу хэвээрээ л үлддэг номтой бөлгөө