Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг хөнөөсөн хэрэгт Тэцүя Ямагамиг буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноолоо.
Шүүхийн шийдвэрийн дагуу Ямагами нь урьдчилан төлөвлөсөн аллага үйлдсэн бөгөөд галт зэвсгийн хяналтын хууль зөрчсөн нь тогтоогдсон байна. Харин түүний өмгөөлөгчид шүүгдэгчид 20 жилийн хорих ял оноох хүсэлт гаргасан ч шүүх уг саналыг хүлээн аваагүй юм.
Өмгөөлөгчдийн зүгээс Ямагами гэмт хэрэг үйлдэх үедээ гэр бүлийнх нь нөхцөл байдалтай холбоотой сэтгэлзүйн хүчтэй дарамтад байсан гэж мэдэгдсэн байна. Тодруулбал, түүний эх олон нийтэд “Нэгдлийн сүм” хэмээн танигдсан шашны байгууллагад үнэнчээр дагаж, их хэмжээний хөрөнгөө хандивласнаар гэр бүл нь санхүүгийн хүндрэлд орсон гэж тайлбарлажээ.
Хэрэг 2022 оны долоодугаар сард Японы Хоншю арлын баруун өмнөд хэсэгт орших Нара хотод болсон юм. Сонгуулийн сурталчилгааны үеэр гудамжинд үг хэлж байсан Ерөнхий сайд асан Шинзо Абэг Ямагами ар нуруунаас нь буудсан бөгөөд түүнийг хэргийн газарт хамгаалагчид нь саатуулж, улмаар баривчилсан байна.
Ямагами мөрдөн байцаалтын явцад, Ерөнхий сайд асныг Нэгдлийн сүмтэй холбоотой гэж үзэж байсан тул онилон халдсан хэмээн мэдүүлжээ. Тэрбээр уг шашны байгууллагыг гэр бүлийнх нь санхүүгийн хямралд хүргэсэн гол шалтгаан гэж буруутгасан байна.
Хэрэг гарсны дараах шалгалтаар Японы эрх баригч Либерал Ардчилсан Нам болон сөрөг хүчний зарим улстөрч тус шашны байгууллагатай холбоотой байсан нь ил болсон юм. Үүний дараа 2025 оны хавар Токио хотын дүүргийн шүүх Нэгдлийн сүмийг татан буулгах шийдвэр гаргасан байна.
Н.Отгончимэг
Эх сурвалж: tass.com
Лхагва - 01 сарын 21,
2026

Сэтгэгдэл0