ТУНИС, 2026 оны нэгдүгээр сарын 19 /TASS/. Курдүүдийн "Сирийн ардчилсан хүчнүүд" (SDF) эвслийг татан буулгахгүй гэж тус эвслийн удирдагч Мазлум Абди мэдэгдсэн тухай Al Arabiya суваг мэдээлжээ.
“Бид цус урсгахыг зогсоохын тулд гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн” гэж М.Абди хэлээд SDF эвсэл “задраагүй, ялагдаагүй учраас газар нутгаа хамгаалсаар байх болно” хэмээн мэдэгдсэн байна.
Тэрбээр нэмж хэлэхдээ, нэгдүгээр сарын 19-нд Дамаск руу явж “гэрээний ажлыг дуусгах” бөгөөд гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг буцаж ирснийхээ дараа өгнө гэдгээ мэдэгджээ. Үүнээс өмнөхөн Сирийн ерөнхийлөгч Ахмед аш-Шараа шилжилтийн үед курдүүдийн бүлэглэлүүдтэй түр эвлэрлэх тухай шинэ хэлэлцээрийг баталсан байна. Энэхүү баримт бичигт зүүн хойд нутгийн Дейр-эз-Зор ба Ракка мужуудыг Сирийн шилжилтийн засгийн газрын хяналтад бүрэн шилжүүлэхээр тусгажээ. Мөн Сирийн арми тус бүс нутгийн бүх хилийн боомтууд болон газрын тос, хийн ордуудын аюулгүй байдлыг хангах аж.
Сирийн зэвсэгт хүчин Алеппо хотоос зүүн тийш орших Дейр-Хафер хотод хяналтаа тогтоосны дараа нэгдүгээр сарын 17-нд Ракка мужид байрлаж эхэлсэн бөгөөд тус мужаас SDF-ийн зэвсэгт бүлэглэлүүд ухран гарчээ. Сирийн армийн эрчимтэй давшилтад араб овог аймгуудын сайн дурын цэргүүд дэмжлэг үзүүлсэн байна.
Курдийн цэргүүдийг оны эцэс гэхэд армид элсүүлэн нэгтгэх тухай гэрээнд аш-Шараа, Абди нар 2025 оны гуравдугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Гэвч SDF болон шилжилтийн засгийн газрын байр сууриуд хоорондоо ихээхэн зөрчилдөж эхэлсэн байна. Курдүүд төвлөрсөн бус засаглалын тогтолцоог бий болгохыг шаардсан бол Сирийн засгийн газар зүүн хойд бүс нутгийг төв засгийн газрын бүрэн хяналтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 01 сарын 19,
2026

Сэтгэгдэл0