sonin.mn

Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен мэдэгдлээ. Тэрбээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нартай лхагва гаргийн орой Вашингтонд уулзсаныхаа дараа ийм мэдэгдэл хийжээ.


Үүний сацуу тухайн асуудлаар харилцан бие биенээ хүндэтгэх үндсэн дээр хамтран ажиллахыг Данийн сайд АНУ-д хандан уриаллаа. Түүний ярьснаар, зөвшилцөлд хүрэх боломжийг олж нээхийн тулд өндөр түвшинд ажлын хэсэг байгуулахаар талууд тохиролцсон байна.


Зөвшилцөхийн тулд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг харгалзан үзэхийн зэрэгцээ Данийн хаант улсын тогтоосон “улаан шугам”-ыг давах ёсгүй ажээ. Ажлын хэсгийн эхний уулзалт хэдэн долоо хоногийн дараа болох төлөвтэй байна. Вашингтоны уулзалтад оролцсон Гренландын Гадаад хэргийн сайд Вивиан Моцфельдт хэлэхдээ, бид АНУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байгаагийн зэрэгцээ Гренландыг тус улсын харьяалалд оруулахыг хүсэхгүй байна гэлээ. 


АНУ, Дани, Гренландын төлөөлөгчдийн уулзалт Цагаан ордноос холгүй орших засгийн газрын нэгэн байранд болжээ. Уулзалт болохын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ “бид өөрсдийн шаардлагуудаас ганц ч миллиметр ухрахгүй” гэсэн байна.


Түүний үзэж байгаагаар, Гренланд нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангахад, тодорхой хэлбэл, агаарын довтолгооноос хамгаалах “Алтан дээвэр” системийг ажиллуулахад чухал үүрэгтэй ажээ.


Түүнчлэн Орос, Хятад хоёр идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн Арктикийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад ч мөн адил чухал юм. Үүнээс өмнө Д.Трамп мэдэгдэхдээ, Данийн өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландыг АНУ “ямар нэгэн аргаар” хянах ёстой гэж байв. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Д.Трампын хувьд, Гренландыг нэгтгэхийн тулд Америкийн армийг хөдөлгөх нь “хэд хэдэн сонголтын нэг” гэдгийг Цагаан ордон мэдэгджээ.  




Б.Адъяахүү