МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 14 /interfax/. Армени, Америк хоёр улс "Олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Трампын зам" (TRIPP) төслийн хүрээнд Арменийн тээврийн чиглэлүүдийг хөгжүүлэх хамтарсан компани байгуулахаар тохиролцжээ.
“TRIPP бол Арменийн нутаг дэвсгэрээр саадгүй дамжин өнгөрөх олон төрлийн тээврийн чиглэлийг бий болгох зорилготой” гэж АНУ-ын Төрийн Департаментын мэдэгдэлд дурдсан байна.
Мөн төслийн замын зураглалд дурдсанаар, TRIPP төслийг "Арменийн нутаг дэвсгэр дээрх транзит тээврийн тодорхой маршрутын хүрээнд, ирээдүйд нарийвчлан судлах газруудад боловсруулж, төсөл хэрэгжих нутаг дэвсгэр дэх Арменийн бүрэн эрхт байдлыг хадгалах ёстой" гэжээ. Уг төслийн хүрээнд байгуулах “TRIPP Development” компани дэд бүтцийг хөгжүүлэх, төслийг хэрэгжүүлэх ажлыг хариуцна. Тус компанийг АНУ-ын тал хянах ба Арменийн Засгийн газар Америкийн компанид 74 хувийг санал болгож, үлдсэн 26 хувийг нь өөртөө авахаар төлөвлөж байгааг замын зураглалд заажээ.
“Арменийн Засгийн газарт нэмэлт хувьцааг олгосноор гэрээг дахин 50 жилээр сунгах боломжтой. Ингэснээр Арменийн Засгийн газрын эзэмших хувь хэмжээ 49 хувьд хүрнэ” гэж баримт бичигт дурдсан байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Арменийн Гадаад хэргийн сайд Арарат Мирзоянтай уулзсаныхаа дараа мэдэгдэхдээ, TRIPP “Арменийн бүрэн эрхт байдлыг хөндөхгүйгээр эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжих боломжийг нээнэ” гэжээ.
“Олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Трампын маршрут” (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) төсөл нь Арменийн нутгаар дамжин өнгөрөх 42 км урт замаар Азербайжаныг Нахичеван хоттой холбох юм.
2025 оны наймдугаар сарын 8-нд Вашингтонд Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нар тунхаглалд гарын үсэг зурсан билээ. Үүний дагуу Арменийн тал АНУ болон зарим гуравдагч талуудтай хамтран улсынхаа нутаг дэвсгэрт TRIPP төслийг хэрэгжүүлнэ гэдгийг онцолжээ. Төслийн хүрээнд авто зам, төмөр зам, нефть-хийн дэд бүтцийг барина. TRIPP төслийн хүрээнд байгуулах Армени-Америкийн компани нь замыг хянахгүй, харин бизнесийн үйл ажиллагааг удирдана гэж Н.Пашинян мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 01 сарын 14,
2026

Сэтгэгдэл0