sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 13 /Reuters/. Иранд сүүлийн жилүүдэд болж байгаагүй томоохон жагсаал цуглаанууд болж байгаа энэ үед Вашингтонын засаг захиргаа үүнд хэрхэн хариу арга хэмжээ авах талаар хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан тус улстай худалдаа хийж буй улс орнуудад 25 хувийн татвар ногдуулна гэж Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгджээ. 


"Энэ мөчөөс эхлэн Исламын Бүгд Найрамдах Иран Улстай бизнес эрхэлж буй аливаа улс АНУ-тай хийж буй бүх төрлийн худалдаанд 25 хувийн татвар төлөх болно" гэж Трамп Truth Social нийгмийн сүлжээндээ бичсэн байна. 


Гаалийн татварыг улс орнуудаас бараа бүтээгдэхүүн импортолж буй АНУ-ын импортлогчид төлдөг. Иран улс олон жилийн турш АНУ-ын хатуу хориг арга хэмжээнд өртсөөр ирсэн.


“Эл захирамж бол эцсийнх бөгөөд давж заалдах боломжгүй” гэж Трамп мэдэгдээд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Ираны бараа бүтээгдэхүүнийг голчлон Хятад, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Энэтхэг рүү экспортолдог. 


Цагаан ордны цахим хуудсанд уг захирамжийг баталгаажуулсан албан ёсны мэдэгдэл, мөн Трамп тариф ногдуулах хууль эрх зүйн үндэслэл, эсвэл тэдгээр нь Ираны бүх худалдааны түншүүдийг чиглэх эсэх талаар мэдээлэл нийтлэгдсэнгүй. Цагаан ордон энэ талаар тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг