sonin.mn

Европын Холбооны батлан хамгаалах, сансрын асуудал эрхэлсэн комиссар Андрюс Кубилюс 100 мянган цэрэг бүхий Европын нэгдсэн арми байгуулахын төлөө байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр өнгөрсөн ням гарагт Шведэд болсон аюулгүй байдлын асуудлаарх бага хурлын үеэр ийм мэдэгдэл хийсэн байна.


Европ тивд хүчирхэг бөгөөд байнгын цэргийн хүчийг бий болгох нь ЕХ-ны аюулгүй байдлын хангах хамгийн сайн хувилбар мөн гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэлээ.


Ялангуяа АНУ Европоос цэргээ гаргах асуудлыг нухацтай хэлэлцэж, Ази-Номхон далайн бүс нутагт төвлөрөн Хятадыг тогтоон барихад анхаарлаа хандуулж буй энэ үед Европын армийг байгуулах нь чухал гэдгийг Литва улсын Ерөнхий сайд асан А.Кубилюс дурдсан байна. 


Ерөнхийлөгч Д.Трампын хувьд НАТО-гийн тогтолцоог хэвээр хадгалах сонирхолтой байгаа гэдэгт эргэлзэж байгаагаа тэрбээр илэрхийллээ. Түүний хэлснээр, Умард Атлантын эвслийн гишүүн Дани улсын эзэмшилд буй Гренландыг АНУ-д хавсарган нэгтгэх талаар Америкийн Ерөнхийлөгч ярьж байгаа нь үүнийг гэрчилж байна. Түүнээс гадна, ЕХ-ны гишүүн томоохон улсуудаас бүрдэх Европын аюулгүй байдлын зөвлөлийг байгуулах нь зүйтэй гэсэн саналыг А.Кубилюс дэвшүүлжээ.


Европын нэгдсэн арми байгуулах тухай асуудлыг ЕХ-ны хүрээнд олон жилийн өмнөөс хэлэлцэж байгаа боловч зэвсэгт хүчний хяналтаа алдахыг хүсэхгүй байгаа холбооны гишүүн ихэнх улс дэмжихгүй байгаа юм.


Харин Францын Ерөнхийлөгч Э.Макрон уг саналыг дэмждэг гол хүмүүсийн нэг юм. Мөн Европын нэгдсэн армийг байгуулах нь зүйтэй гэсэн байр сууриа Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес Шведэд болсон бага хурлын үеэр илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ, ЕХ-ны гишүүн орнууд батлан хамгаалахын аж үйлдвэрээ нэгтгэж, цаашдаа “гуравдагч талаас” хамаарахгүйн тулд өөрийн гэсэн армитай болох хэрэгтэй гэлээ.  



Б.Адъяахүү