АСТАНА, 2026 оны нэгдүгээр сарын 12 /Kazinform/. Ираны засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр 500 гаруй хүн амиа алдсан тухай хүний эрхийг хамгаалагчид мэдээлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Масуд Пезешкиан гашуудалд нэгдэхээ мэдэгдэж, иргэдийг нэгдүгээр сарын 12-нд болох үндэсний маршид оролцохыг уриалсан байна. Амиа алдсан хүмүүсийн 490 нь жагсагчид, 48 нь Ираны хүчний байгууллагуудын ажилтнууд байна.
Human Rights Activists News Agency (HRANA) байгууллагын мэдээлснээр, мөн 10 мянга орчим хүнийг баривчилжээ. Эсэргүүцлийн жагсаалын үеэр хэчнээн хүн амиа алдсан талаар эрх баригчид одоогоор албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
Ираны эсэргүүцлийн жагсаал улам өргөжиж бүх муж, 111 хот сууринд болж байна. Хүчирхийлэл газар авч, амиа алдсан хүний тоо өссөөр байгаа тул Ираны Засгийн газар үндэсний хэмжээний эсэргүүцлийн үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан гурван өдрийн гашуудал зарлажээ. Үүний зэрэгцээ, Иранд нөхцөл байдал хурцдаж байгаатай холбогдуулан бусад улсууд хөндлөнгөөс оролцох талаар хэлэлцэж эхэлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар АНУ-ын авч хэрэгжүүлж болох алхмуудын талаар зөвлөлдсөн байна.
Wall Street Journal сонинд бичсэнээр, Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах, цэргийн цохилт өгөх, мөн кибер зэвсэг ашиглан засгийн газрын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөнийг цахимаар дэмжих зэрэг хувилбаруудыг долоо хоногийн эхээр хэлэлцэх төлөвтэй байна.
Иран руу довтолсон тохиолдолд Израил, АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгнө гэж Ираны эрх баригчид өмнө нь анхааруулсан байна. Ираны риалын ханш огцом унасны улмаас худалдаачид өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд эсэргүүцлийн жагсаал хийж эхэлжээ. 12 дугаар сарын 30-нд оюутнууд жагсаалд нэгдсэн байна. 2026 оны нэгдүгээр сарын 2-нд гудамжинд үл таних зэвсэглэсэн хүмүүс гарч ирснээр үймээн самуун дэгдээгчид болон хууль сахиулагчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгджээ. Нэгдүгээр сарын 8-ны орой эмх замбараагүй байдал дээд цэгтээ хүрч, хууль сахиулах байгууллагын 25 ажилтан амиа алдсан гэж эрх баригчид мэдээлсэн байна.
Үймээн дэгдээгчид нийслэлд 25 сүмийг галдан шатааж, 26 банк, 3 эмнэлэг, 10 төрийн байгууллага, 48 галын машин, 42 автобус болон түргэн тусламжийн машин, 24 орон сууцыг эвдэж сүйтгэсэн гэж Техран хотын дарга Алиреза Закани мэдэгджээ.
Ираны эрх баригчид үймээн дэгдээгчдийг террорист хэмээн нэрлэж, үймээн самууныг зохион байгуулсан гэж Израил, АНУ-ыг буруутгажээ. Нэгдүгээр сарын 10-нд Д.Трамп сүүлийн гурван жилд болж байгаагүй хамгийн том жагсаалын талаар тайлбар хийж, жагсагчдад туслахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. АНУ Иранд цохилт өгсөн тохиолдолд Америкийн цэргүүд ба Израил бидний бай болно гэж Ираны парламентын дарга Мохаммад Багер Галибаф нэгдүгээр сарын 11-нд анхааруулжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 01 сарын 12,
2026

Сэтгэгдэл0