sonin.mn

АЛЕППО, 2026 оны нэгдүгээр сарын 8 /Reuters/. Сирийн Батлан хамгаалах яам тус улсын хойд нутагт орших Алеппо хотын гурван дүүрэгт баасан гаргийн өглөөнөөс эхлэн гал зогсоож байгаагаа мэдэгджээ. Энэ алхам нь засгийн газрын цэргүүд болон курдын зэвсэгт отрядуудын хооронд эхэлсэн шинэ тулалдааныг зогсоож магадгүй байна. 


Тус хотод шөнийн турш ширүүн буудалцаан болж, Батлан хамгаалах яам зэвсэгт бүлэглэлүүдэд маргаантай бүсээс гарахад зургаан цагийн хугацаа өгснөө мэдэгдсэний дараа буудалцааны улмаас дэгдсэн гал түймрийг аврах албаныхан унтраасан байна.


Сирийн эрх баригчид болон төв засгийн газрыг эсэргүүцэж буй курдүүдийн хооронд үүссэн ширүүн мөргөлдөөн нь Ерөнхийлөгч Ахмед аш-Шараагийн хувьд ноцтой сорилт болж байна. Тэрбээр 14 жил үргэлжилсэн иргэний дайны дараа улс орноо нэгтгэнэ гэж амласан юм.


"Алеппо хотын Шейх Максуд, Ашрафия, Бани Зайд дүүргүүдийн хорооллуудын орчимд өглөөний 03:00 цагаас эхлэн гал зогсоох дэглэм хэрэгжиж эхэлнэ. Эдгээр дүүрэгт байгаа зэвсэгт бүлэглэлүүдэд 03:00 цагаас эхлэн гарахыг хатуу зөвлөж байна.


Эцсийн хугацаа баасан гаргийн өглөөний 09:00 цагт дуусна” гэж Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ. Сирийн эрх баригчдын мэдээлснээр, мягмар гарагт эхэлсэн мөргөлдөөний улмаас долоон энгийн иргэн амиа алдаж, 140 мянга гаруй хүн орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрсэн байна. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг