sonin.mn

ПАРИС, 2026 оны нэгдүгээр сарын 9 /Reuters/. Европын Холбоо ба Өмнөд Америкийн орнуудын хооронд байгуулахаар төлөвлөж буй худалдааны томоохон хэлэлцээрийг батлах санал хураалтад Франц улс эсэргүүцсэн санал өгнө гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон пүрэв гарагт мэдэгджээ. 


Францын фермийн аж ахуй эрхлэгчид энэхүү хэлэлцээрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Парис руу орох замууд болон Ялалтын хаалга зэрэг дурсгалт газруудыг пүрэв гарагт бүслэн хаасан байна. 


Хэт барууны үзэл баримтлалтай “Хөдөө аж ахуйн зохицуулалт” хөдөлгөөний тариаланчид МЕРКОСУР эдийн засгийн холбоотой байгуулахаар төлөвлөж буй худалдааны хэлэлцээр нь Европын Холбооны орнуудад хямд үнэтэй хүнсний бүтээгдэхүүн ихээр хэмжээгээр оруулж ирэх учраас Парист эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалжээ. Европын Комиссоос “чухал үүрэг амлалт” авсан хэдий ч Франц улс баасан гарагт уг хэлэлцээрийг батлахыг эсэргүүцсэн санал өгнө гэж Э.Макрон олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн байна.  


“Хэлэлцээрт гарын үсэг зурах нь түүхийн төгсгөл биш юм. Би Европын Комиссоос авсан үүрэг амлалтуудыг бүрэн биелүүлэхийн зэрэгцээ тариаланчдаа хамгаалахын төлөө тэмцсээр байх болно” гэж тэрбээр нийгмийн сүлжээнд бичжээ.


Ирланд улс мөн уг хэлэлцээрийг эсэргүүцсэн санал өгнө гэж тус улсын Ерөнхий сайд Саймон Харрис өмнө нь мэдэгджээ. Гэхдээ Европын Комисс Италийн дэмжлэгийг авч чадсан тул уг гэрээ баасан гаргийн санал хураалтаар батлагдах магадлал өндөр байна. Гуравдугаар сард болох орон нутгийн сонгууль болон 2027 онд Макроны оронд шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн өмнө хэт барууны улс төрийн намуудын чансаа өсөж байгаагаас шалтгаалан уг худалдааны хэлэлцээр нь Францын Засгийн газрын хувьд улс төрийн эмзэг сэдэв болоод байгаа юм. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг