sonin.mn

Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 236 дугаар тогтоолоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний үнэ тариф, төлбөр, хураамжийг 2026 оны төсвийн жилд нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болгосон. 


Улмаар хэрэглэгчдэд борлуулах дулааны үнэ тарифт 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өөрчлөлт оруулах байсныг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулжээ. Өмнө нь дулааны үнэ тарифт өөрчлөлт оруулж нэмэхээс өөр аргагүй болсон учраас 2024 оны сүүлээр мөн тогтоол гаргаж, 2025 оны эхээр нэмэх шийдвэр гаргаж байсан. 



Гэсэн ч хэрэгжиж чадаагүй 2025 оны дөрөвдүгээр сард тогтоолд дахин өөрчлөлт оруулсан боловч 12 дугаар сард ийнхүү хоёр дахь удаагаа дулааны үнэ тариф нэмэхийг хойшлуулж байна. 



Засгийн газраас судалж үзээд цахилгаан, дулааны тарифыг бодит өртөгт ойртуулан шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. 2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн цахилгаан эрчим хүчний үнийг хэрэглээнээс нь хамааран нэмэгдүүлсэн. 


Харин дулааны эрчим хүчний үнэд 2019 оноос хойш огт өөрчлөлт ороогүй. Улсын болон хувийн хэвшлийн 70 гаруй конторын ажилчид цалингаа авч чадахгүй хэмжээнд хүрсэн. Учир нь цахилгаан, ус, дулааны тариф олон жил хамгийн бага тарифаар бодогдож ирсэн. 



Үүний улмаас ус, дулаан, цахилгаан хангамж түгээлт, нийлүүлэлтийн байгууллагуудын санхүүгийн тогтвортой байдал алдагдсан. Дулаан, цахилгааны тасалдал үүсэх эрсдэл нэмэгдсэн.



Шугам сүлжээ, техник технологио шинэчилж, их болон урсгал засвар хийх, аюулгүй ажиллагаа зэргээ сайжруулах боломжгүй нөхцөлд хүрсэн. 


Эрчим хүч, дулааны хэмнэлт, үр ашиг талаасаа ч хэрэглэгч хэт хямд тарифтай үед үргүй буюу илүүдэл хэрэглээ хэт их гаргадаг аж. Ихэнх улсад тариф нь бодит өртгөө нөхдөг, зөвхөн зорилтот бүлэгт татаас олгодог байна. 


Дулааны тарифыг бодит өртөгт ойртуулснаар салбарыг дампуурлаас хамгаалах, дэд бүтцийг шинэчлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, урт хугацаанд илүү найдвартай, тогтвортой үйлчилгээг бий болгодог аж.