Израилын Гадаад харилцааны сайд Гидеон Саар албан ёсны айлчлал хийхээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Сомалиленд улсад анх удаа хүрэлцэн ирсэн нь шуугиан тарилаа. Түүнийг Харгейса хотын нисэх онгоцны буудалд Сомалилендийн өндөр албан тушаалтнууд угтан авсан бөгөөд сайд өнөөдөр тус улсын ерөнхийлөгч Абдирахман Мохаммед Абдуллахи-д бараалхжээ. Энэ айлчлалын талаар Израилын ГХЯ албан ёсоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-нд Израилын тал НҮБ-ын гишүүн орнуудын дотроос цор ганцаараа Бүгд Найрамдах Сомалиленд улсыг тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрчээ. Тус улс 1991 онд Сомалигаас дангаараа тусгаарлан гарсан байна. Израилын энэхүү шийдвэрийг Сомали төдийгүй Ойрх Дорнод, Африкийн орнууд төдийгүй Европын Холбоо шүүмжилсэн байна.
Хэдийгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй боловч Сомалилендэд Их Британи, Этиоп, Турк, АНЭУ, Кени улсуудын болон Тайваний төлөөлөгчийн газрууд ажиллаж байгаа юм.
175 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай Сомалиленд нь Африкийн эвэр буюу Сомалийн хойгт, Адены булангийн эрэгт оршдог стратегийн чухал байрлалтай улс ажээ. Хэвлэлүүдэд мэдээлснээр, Израил улс өнгөрсөн оны зунаас эхлэн Газын зурвасаас палестинчуудыг нүүлгэн шилжүүлэх асуудлаар хэд хэдэн улстай хэлэлцээ хийж байгаагийн дотор Сомалиленд дурдагдсан байна.
Б.Адъяахүү
Пүрэв - 01 сарын 08,
2026

Сэтгэгдэл2
Сомали гээч.
Ээ. Уучлаарай.