sonin.mn

Иранд ес дэх хоногтоо үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал цуглаануудын явцад 35 хүн амиа алдаж, 1200 гаруй жагсагчид баривчлагдсан гэж хүний эрхийг хамгаалах Human Rights Activists in Iran байгууллага болон түүний мэдээллийн сүлжээ болох HRANA мэдээллээ. 


Сүлжээний мэдээлэлд дурдсанаар, 12 дугаар сарын сүүлчээр эхэлсэн эсэргүүцлийн ажиллагаа 88 хотод буюу Ираны 31 мужийн 27-г нь хамарсан байна.


Сүүлийн өдрүүдэд жагсаалд Ираны 17 их дээд сургуулийн оюутнууд нэгдэх болсон учраас хүчний байгууллагынхан оюутны хотхонуудад тусгай ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ удаагийн эсэргүүцлийн жагсаал цуглаан нь 2022 оноос хойших хамгийн өргөн хүрээтэй ажиллагаа болж байна. Гурван жилийн өмнө 22 настай Махса Амини гэдэг бүсгүй “ёсзүйн цагдаа нарт” баривчлагдсаны дараа учир битүүлгээр нас барсан хэрэг гарсны дараа Иран даяар эсэргүүцэл өрнөсөн билээ. 


Амь үрэгдсэн 35 хүнээс 29 нь жагсагчид, 4 нь хүүхэд, 2 нь аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд байна гэж хүний эрхийг хамгаалагчид мэдээлжээ.


Ираны төрийн мэдлийн хэвлэлүүдэд бичсэнээр, Кухдешт хотод болсон жагсаалын үеэр Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпуст харьяалагддаг “Басиж” гэдэг цэрэгжсэн байгууллагын 21 настай гишүүн амиа алдсан байна. Үүний сацуу Ираны шүүхийн төлөөллүүд мэдэгдэхдээ, эсэргүүцлийн үеэр баривчлагдсан хүмүүст ямар нэгэн өршөөл энэрэл үзүүлэхгүй гэлээ. Өнгөрсөн онд тус улсад 2 мянга орчим хүнийг цаазалсан нь 2024 онтой харьцуулахад хоёр дахин их тоо юм.


The Times: Хаменеи Москва руу зугтаж магадгүй


Хэрвээ цэргүүд ба аюулгүй байдлын албаныхан тушаал биелүүлэхээс татгалзаж, эсэргүүцэгчдийн талд орох аваас Ираны дээд удирдагч, өдгөө 86 настай аятолла Али Хаменеи нийслэл Техран хотоос гарч явахаар төлөвлөж байна гэж The Times сонин Их Британийн тагнуулын албаны эх сурвалжаас эш татан мэдээлжээ. 


Өөрөөр хэлбэл, “Б төлөвлөгөө”-нд тусгаснаар, Хаменеи болон ойрын хүрээллийн хүмүүс, тухайлбал аятоллаг залгамжлагч гэгдэж буй түүний хүү Можтабу нарыг Иранаас гаргахаар төлөвлөсөн гэж Таймс сонины эх сурвалж ярьжээ.


Исламын хувьсгалын үеэр Иранаас зугтан гарч, Израилын тагнуулын албанд ажиллаж байсан Бени Сабти ярихдаа, Хаменеи Москва руу явах боломжтой, түүнд өөр газар байхгүй гээд Башар Асадын жишээг дурдсан байна. Олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа тус улсад 12 дугаар сарын 28-нд эхэлсэн юм. Тухайн өдөр инфляц ба үнийн хэлбэлзлийг эсэргүүцсэн бизнес эрхлэгчид дэлгүүрүүдээ хаажээ. 29-ний өдөр Ираны үндэсний валют болох риалын ханш түүхэнд үзэгдээгүйгээр унаж, нэг риал 0,00002 евротой тэнцэх болсон байна. Энэ нь 1 еврог 870 мянган риалаар худалдан авч байна гэсэн үг юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард Дэлхийн банкны хийсэн тооцоогоор, Иранд хүнсний бүтээгдэхүүний үнэ 64,2 хувиар нэмэгджээ.



Б.Адъяахүү