sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2026 оны нэгдүгээр сарын 5 /Bloomberg/. Даваа гаргийн арилжаа эхлэх мөчид үнэт металлуудын үнэ огцом өслөө. Америкийн цэргүүд Венесуэлийн удирдагч Николас Мадурог баривчилсны дараа геополитикийн нөхцөл байдал огцом хурцадсан тул хөрөнгө оруулагчид алт, мөнгийг их хэмжээгээр худалдан авч байна гэж Bloomberg агентлаг мэдээлжээ. 


Тодруулбал, алтны спот үнэ 0.9 хувиар өсөж, нэг унц нь 4370 ам.доллароос давсан байна. Мөн мөнгөний үнэ 0.7 хувиар өсөж, 73.32 ам.долларт хүрчээ. Үнэ ийнхүү өсөж байгааг шинжээчид Латин Америкт хэрэгжүүлэх Вашингтоны дараагийн алхмууд тодорхойгүй байгаатай холбон тайлбарлаж байна.


АНУ-ын хөндлөнгийн оролцоо нь цэрэг, улс төрийн шинэ эрсдэл үүсгэсэн гэж шинжээчид дүгнэжээ. Алтны үнэ өсөх чиг хандлага хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн онд 1979 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн юм.


Геополитикийн хүчин зүйлсээс гадна Төв банкууд алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа болон АНУ-ын Төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх төлөвтэй байгаа нь үнэ өсөхөд нөлөөлж байна. 


Венесуэлийн хямралын улмаас цагаан алт, палладийн үнэ мөн өссөн байна. Түүнчлэн спот долларын индекс 0.1 хувиар чангарчээ. Мөн Венесуэл нь дэлхийн хамгийн их батлагдсан газрын тосны нөөцтэй тул нефтийн зах зээлд үнэ хэлбэлзэх магадлал өндөр байгааг шинжээчид анхааруулж байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг