sonin.mn

МЕХИКО, 2026 оны нэгдүгээр сарын 5 /RIA Novosti/. АНУ, Венесуэлийн хооронд хөндлөнгөөс үл оролцох зарчимд суурилсан тэнцвэртэй, хүндэтгэлтэй олон улсын харилцааг бий болгохыг эн тэргүүний зорилт гэж бид үзэж байна гэж Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригез сайд нарын зөвлөлийн хурлын дараа мэдэгджээ.


"АНУ, Венесуэлийн хооронд, мөн Венесуэл ба бүс нутгийн улс орнуудын хооронд эрх тэгш байдал, дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмууд дээр суурилсан тэнцвэртэй, хүндэтгэлтэй олон улсын харилцааг бий болгохыг бид эн тэргүүний зорилт гэж үзэж байна.


Чухам эдгээр нь дэлхийн бүх улс оронтой харилцах манай улсын дипломат бодлогын үндэс суурь болсон зарчим юм" гэж Родригез Телеграм сувгийн хуудсандаа бичжээ.Тэрбээр мөн Венесуэл улс энх тайвныг эрхэмлэсэн хэвээр байгаа бөгөөд харилцан хүндэтгэсэн, олон улсын хамтын ажиллагаанд суурилсан орчинд оршин байхыг эрмэлзэж байгааг нэмж дурдсан байна. “Дэлхий дахины бат бөх энх тайван нь улс орон бүрд энх тайвныг баталгаажуулахаас эхэлдэг хэмээн бид үздэг” гэж Родригес онцолжээ. Тэрбээр мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад хандан энх тайвныг дэмжихийг уриалсан байна.


“Манай ард түмэн, манай бүс нутаг нь дайныг бус харин энх тайван, яриа хэлэлцээг хүсдэг… Энэ бол миний итгэдэг, миний амьдралаа зориулсан Венесуэл бөгөөд миний мөрөөдөл бол Венесуэлийг хүчирхэг улс болгох явдал юм” гэж ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч бичсэн байна.


Родригес ийнхүү энх тайванд уриалж байх үеэр Д.Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ, АНУ одоо Венесуэлийг удирдаж байгаа гэж мэдэгдээд, Венесуэлийг “үхэж мөхсөн” улс гэж нэрлэжээ. Мөн цаг нь болохоор Венесуэлд сонгууль явагдана хэмээн Цагаан ордны тэргүүн нэмж хэлсэн байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг