sonin.mn

АНУ Данийн мэдэлд байдаг, өөртөө засах эрхтэй бүс нутаг болох Гренландыг батлан хамгаалалтын үүднээс хяналтдаа авах шаардлагатай гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп The Atlantic сэтгүүлд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. “Бидэнд Гренланд үнэхээр хэрэгтэй. Ямар ч эргэлзээгүй. Батлан хамгаалалтын зорилгоор хэрэгтэй” хэмээн тэр онцолсон байна.


Трампын тайлбарласнаар, Гренланд нь Орос, Хятадын хөлөг онгоцнуудын идэвхтэй бүсэд байрладаг бөгөөд энэ нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой аж.


Үүнтэй холбогдуулан, арванхоёрдугаар сарын 22-нд Данийн Гадаад хэргийн яам АНУ-аас Дани улсад суугаа Элчин сайд Кен Хауриг дуудан уулзжээ. Уг уулзалт нь Трамп Луизиана мужийн захирагч Жефф Лэндриг Гренландын асуудал хариуцсан АНУ-ын тусгай элчээр томилсон шийдвэртэй холбоотой юм. Ерөнхийлөгчийн хэлснээр, Лэндри нь “Гренланд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд ямар чухал болохыг бүрэн ойлгодог бөгөөд тус бүс нутагт АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалахад анхаарч ажиллана” гэжээ.


Трамп гуравдугаар сарын 13-нд АНУ Гренландыг өөртөө нэгтгэнэ гэж мэдэгдсэн бол гуравдугаар сарын 4-нд Гренландын ард иргэд АНУ-д нэгдэх шийдвэр гаргавал дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.


Тэрбээр өмнө нь ч Гренландыг АНУ-ын нэг хэсэг болгох ёстой гэж удаа дараа мэдэгдэж, Дани улс арлыг шилжүүлэн өгөхөөс татгалзвал өндөр тариф ногдуулах боломжийг дурдсан юм. Мөн анхны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа Гренландыг худалдан авах санал гаргаж байсан ч Дани болон Гренландын тал уг саналыг хүлээн аваагүй. Гренланд нь Данийн өөртөө засах бүс нутаг бөгөөд 1951 онд АНУ болон Дани улсууд НАТО-гийн хүрээнд хүлээсэн үүргээс гадна Гренландын батлан хамгаалах тухай гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу АНУ нь Гренландыг гаднын аливаа түрэмгийллээс хамгаалах үүрэг хүлээдэг байна.




Н.Отгончимэг

Эх сурвалж: tass.com