МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу парламентад жил тутмын илтгэлээ тавихгүй гэдгийг түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков пүрэв гарагт “Ведомости” сонинд мэдэгджээ.
“Энэ бол төрийн тэргүүний гаргасан шийдвэр юм. Ерөнхийлөгч шаардлагатай гэж үзсний дараа илтгэлээ тавина. Энэ нь юуны өмнө агуулгын бэлтгэл, мөн ажлын хуваарийн хувьд зохицуулагдана. Бүх зүйл төлөвлөсөн цагт тухайдаа хийгдэх болно” гэж Д.Песков хэлсэн байна.
Илтгэлийн бэлтгэл ажлыг хоёрдугаар сард эхлүүлсэн боловч түр зогсоосон гэж Оросын хэвлэлүүдэд 2025 оны эхээр мэдээлж байжээ. Уг шийдвэр нь нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд эргэн ирсэн Дональд Трамптай В.Путиний уулзалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй холбоотой байж магадгүй гэж мэдээлж байв. В.Путин оны төгсгөлд илтгэлээ тавина гэж Д.Песков есдүгээр сарын эхээр мэдэгдэж байжээ. "Мэдээж энэ жил илгээлтээ сонсгоно. Илтгэлээ тавих ёстой, тавина" гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдэж байжээ.
В.Путиний илтгэлийг цуцлахаар шийдсэн тухай анх бие даасан сэтгүүлч Фарида Рустамов Telegram-д хөтөлдөг Faridaily сувагтаа Оросын засгийн газар дахь эх сурвалжаас эш татан 11 дүгээр сарын эхээр мэдээлсэн байна.
Үүнээс өмнө 2017 ба 2022 онд жил тутмын илтгэлүүд тавигдаж байгаагүй юм. Оросын Ерөнхийлөгч нь Холбооны хуралд “улс орны байдал, дотоод болон гадаад бодлогын гол чиглэлүүдийн талаар жил тутам илтгэл” тавина гэж тус улсын Үндсэн хуулийн 84 дүгээр зүйлд заасан байдаг. Гэсэн хэдий ч В.Путин 2017, 2022 онд хоёр удаа илтгэлээ тавиагүй байна. 2017 онд Д.Песков үүнийг тайлбарлахдаа “он дуусахаас өмнө илтгэл тавих ямар нэг хууль эрх зүйн үүрэг заагаагүй” гэж хэлжээ. Тухайн үед илтгэлийг 2018 оны гуравдугаар сар руу ерөнхийлөгчийн сонгуультай ойрхон хойшлуулсан байна.
Харин 2022 онд Оросын цэргүүд Украин руу довтлох үед Холбооны хуралд илтгэл тавихаас татгалзсан шалтгаанаа В.Путин өөрөө тайлбарлахдаа, “үйл явдлууд маш хурдан өрнөж байсан тул ойрын хугацааны тодорхой төлөвлөгөөг гаргах нь төвөгтэй байсан” гэжээ.
Тэрбээр хамгийн сүүлд 2024 оны хоёрдугаар сарын 29-нд буюу дахин сонгогдохоосоо гурван долоо хоногийн өмнө Холбооны хуралд илтгэлээ сонсгосон юм. Тэр үед Путин шинэ үндэсний төслүүдийг эхлүүлж байгаагаа зарлаж, үндсэндээ сонгуулийн өмнөх хөтөлбөрөө танилцуулсан гэж уг баримт бичгийг бэлтгэхэд оролцсон хэд хэдэн хүн “Ведомости” сонинд ярьжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 12 сарын 26,
2025

Сэтгэгдэл3
Гях,,,гяхх,,гяхх,,,,,юугаа ч илтгэх билээдээ,,,худлаа шаасаар байгаад үг нь үнэгүйдцэн ОРК юмшүүдээ,,,
Ёстой үнэн. Путин шиг худалч хүн энэ дэлхий дээр их ховор
Юу гэж хэлэх болж байна. Надаас болж энэ жил тэдэн орос хүн дайнд үхлээ гэж хэлэлтэй биш.