sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /Kyodo/. Хятадаас импортлох хагас дамжуулагчид нэмэлт татвар ногдуулахаа 2027 оны зургаадугаар сар хүртэл хойшлуулна гэж АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар мягмар гарагт мэдэгджээ. Тус газрын нэг жилийн хяналт шалгалтын дараа хийсэн энэхүү мэдэгдэл нь АНУ, Хятадын хоорондын зөрчилдөөн намжиж буй үед гарч байна. Худалдааны төлөөлөгчийн газрын мэдэгдсэнээр, АНУ-ын 1974 оны худалдааны хуулийн 301 дүгээр заалтын дагуу хийсэн шалгалтаар Хятад улс “давамгайлахын тулд хагас дамжуулагчийн салбарыг онилж байгаа нь бодлогогүй үйлдэл бөгөөд АНУ-ын худалдаанд дарамт учруулж, хязгаарлаж байгаа тул арга хэмжээ авах боломжтой” гэж дүгнэсэн хэдий ч нэмэлт тарифын анхны хэмжээг 18 сарын турш 0 хувийн хэмжээнд байлгах ажээ.


Улмаар татварын хэмжээг 2027 оны зургаадугаар сарын 23-нд зарласан хэмжээнд хүртэл нэмэгдүүлнэ гэдгийг дурдсан байна. Энэхүү шалгалтыг 2024 оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны сүүлийн долоо хоногуудад буюу Д.Трампыг Цагаан ордонд эргэн ирэхээс өмнө эхлүүлжээ.


АНУ-ын холбогдох албаныхан Хятадад үйлдвэрлэсэн авто машинаас эхлээд эмнэлгийн хэрэгсэл хүртэл өдөр тутмын бараа бүтээгдэхүүнд ашиглагддаг дэвшилтэт бус чипүүдийг голчлон судалжээ. 301 дүгээр заалтад гадаад улсын шударга бус үйл ажиллагаанд хариу арга хэмжээ авахын тулд тариф хэрэглэхийг АНУ-ын Засгийн газарт зөвшөөрсөн байдаг.


Д.Трамп ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийн хугацааныхаа үеэр Бээжинтэй худалдааны дайн эхлүүлэхдээ энэхүү заалтыг ашиглан Хятадын импортын бараанд өндөр тариф ногдуулах шийдвэрээ зөвтгөдөг байв. 


301 дүгээр заалтын дагуу хийсэн тусдаа шалгалтын үндсэн дээр Ж.Байдены засаг захиргаа энэ оны нэгдүгээр сард Хятадын чипийн татварын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 50 хувь болгосон юм. Мягмар гарагт нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсанаар, төлөвлөсөн шинэ тарифыг одоогийн 50 хувийн татвар дээр нэмж ногдуулах ажээ. Д.Трамп 10 дугаар сарын сүүлчээр Өмнөд Солонгост БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсаны дараа Хятадтай сайн харилцаагаа хадгалахыг эрмэлзэж байгаа үед шинээр татвар ногдуулах хугацааг хойшлуулсан байна.


Ирэх дөрөвдүгээр сард Хятадад айлчлахаар төлөвлөж буй Д.Трамп, Хятадын дарга нар уг уулзалтын үеэр худалдааны дайнд нэг жилийн хугацаатай эвлэрэхээр тохиролцсон юм.


Чипийн үйлдвэрлэлийг АНУ-д эргүүлэн авчрах хүчин чармайлтын хүрээнд Д.Трампын засаг захиргаа 1962 оны Худалдааны өргөжилтийн тухай хуулийн 232 дугаар заалтын дагуу дөрөвдүгээр сард өөр нэгэн шалгалт эхлүүлжээ. Наймдугаар сард Д.Трамп чипийн импортод ойролцоогоор 100 хувийн тариф ногдуулж, шинэ татварын хэмжээг удахгүй зарлана гэж хэлсэн боловч одоогоор ийм арга хэмжээ аваагүй байна.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг