sonin.mn

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье!” санаачилгынхаа дагуу Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхэллээ. Зөвшөөрлийн тухай хуулийг 2022 онд шинэчилж, 1000 гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн боловч хүнд суртлын цаас ахин нэмэгджээ.


Бүртгэл 264, дүгнэлт 232, гэрчилгээ 132, магадлан итгэмжлэл 30, сертификат 9-ийг нэмж зохиосноор 1000 гаруй байсан зөвшөөрөл өөр нэр, зүстэйгээр ахин амилжээ. УИХ-ын дарга Н.Учрал “Зөвшөөрнө гээгүй ч бүртгэнэ гэж өөр үгээр бичсэн нь түвэг учруулсан заль мэх.


Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 19 бичиг олж авахын тулд 138 шат дамжих, дээс томдог үлгэр шиг юм болж байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зуу гаруй журмыг цуцална” гэж хэллээ.  Тусгай 251, энгийн 130, нийт 381 зөвшөөрөл байхаар шинэчилсэн боловч гурван жилд 7 салбарт 16-гаар нэмэгдэж, тэр хэрээр хувийн хэвшил, иргэний хийж бүтээх хүслийг хясаж байна. Хүчин төгөлдөр 278 хуульд хиймэл оюун ухаанаар шинжилж, эдийн засгийн эрх, эрх чөлөөнд хүндрэл үүсгэдэг 228, шууд зөрчдөг 110 хууль байгаа нь илрүүлжээ. Халамж горьдох хөдөлмөрлөж бүтээх урмыг нь хугалж, бурмыг нв булуусан цаасан гох дэгээнээс чөлөөлөх нь УИХ-ын дарга Н.Учрал, гишүүдийн хамт анаачилсан хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зорилго юм.


Иргэн Та зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлын цааснаас хэрхэн яаж чөлөөлөх вэ?

 

1.Нэг үйл ажиллагаа-нэг зөвшөөрөл


Зарим салбарт нэг төрлийн үйл ажиллагаа эрхлэхийн тулд олон зөвшөөрөл авах хэрэггүй болно. Жишээ нь, барилгын салбарт 16 давхар байшин босгохын тулд 3 төрлийн тусгай зөвшөөрөл хөөцөлдөж, 3-4 жил хүлээхгүй. Нэг үйл ажиллагаанд нэг л төрлийн зөвшөөрлийг 22 өдөрт багтаан авна.

 

2. 20 биш 2 хоногт


Зөвшөөрлөө сунгуулахад 20 хоног магадлуулан шалгуулдаг. Зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй нь тогтоогдсон бол ажлын 2 өдөрт шууд сунгана.

 

3.Төр биш холбоод энгийн зөвшөөрөл олгоно


Энгийн 120 зөвшөөрөл олгох, 30 мэдэгдэл бүртгэх эрх салбарын мэргэжлийн нэгдсэн холбоонд шилжинэ. Төрийн яам тамгын газрын ажлыг хүлээн зөвшөөрөгдсөн холбоод гүйцэтгэнэ.

 

4.Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа уртасна


Тусгай зөвшөөрлийн хугацаа 5 жил байгааг 10 жил болгоно. Энгийн зөвшөөрөл 3 жилээс 5 жил болно.

 

5.Хариу аваагүй ч зөвшөөрсөнд тооцно


Мэдэгдлээ илгээгээд 30 хоногт хариу аваагүй байсан зөвшөөрөл олгогдсонд тооцно.


6.Тусгай зөвшөөрлөөс энгийн зөвшөөрөл рүү


Тусгай зөвшөөрөл шаарддаг 32 төрлийн үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлд шилжүүлнэ. Энгийн зөвшөөрөл хүссэн хариуг 30 хоногт өгөөгүй бол шууд олгосонд тооцно.

 

7.Хорин зөвшөөрөл хэрэгцээгүй болно.


Төрөөс олгодог 20 зөвшөөрөл нь хуулиар хүчингүй, хэрэгцээ шаардлагагүй болно.

 

8.Зөвшөөрлийн асуудлыг ЭЗХЯ эрхэлнэ.


Засгийн газрын ХЭГ бус Эдийн засаг, хөгжлийн яам эрхэлнэ. Эдийн засаг, хөгжил, бизнесийн орчноо хариуцсан яам хариуцна.