БРАЗИЛИА, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Reuters/. Бразилын Сенат лхагва гарагт Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд оноосон 27 жилийн хорих ялыг бууруулах тухай хуулийн төслийг баталсан боловч уг баримт бичиг нь Дээд шүүх болон Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силвагийн эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай байна.
Энэхүү хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт доод танхим баталсан бөгөөд одоо Лулад гарын үсэг зуруулахаар хүргүүлнэ. Түүний хувьд гарын үсэг зурах эсвэл хориг тавих эсэхээ тодорхой хэлээгүй байна. Уг баримт бичиг нь Ерөнхийлөгч асны шоронд хоригдох хугацааг хоёр жил гаруй болгож бууруулж магадгүй байна.
Мөн хуулийн төслийн эх бичвэрт 2023 оны нэгдүгээр сард Ж.Болсонаругийн дэмжигчид Ерөнхийлөгчийн ордон, Дээд шүүх, Конгрессын байр руу дайран орсон үймээний үеэр ял шийтгүүлсэн хүмүүсийн ялыг бууруулах талаар тусгажээ. “Энэ бол энх тайванд хүрэх бидний замналын нэг хэсэг бөгөөд бид бүгд үүнийг тэмдэглэх ёстой” гэж сенатч Эсперидиао Амин хуулийн төсөл 48-25 саналын харьцаатайгаар батлагдсаны дараа мэдэгдсэн байна.
Ж.Болсонару 2022 оны сонгуульд ялагдсаны дараа Лулагийн эсрэг төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр өнгөрсөн сараас ял эдэлж эхэлсэн юм. Бразилиад болсон үймээний улмаас 2000 орчим хүнийг баривчилсан бөгөөд үүнийг 2021 оны нэгдүгээр сард Вашингтон дахь Капитолын ордонд болсон үймээнтэй харьцуулах нь бий.
Бразилд баривчлагдсан хүмүүсийн олонх нь төрийн эргэлт хийхийг завдсан болон бусад хэргээр яллагджээ. Ж.Болсонаругийн ууган хүү, ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлаад буй сенатч Флавио Болсонару хуулийн төслийг баталсанд баяртай байгаагаа нийгмийн сүлжээнд байршуулсан богино дүрс бичлэгээрээ дамжуулан илэрхийлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 12 сарын 18,
2025

Сэтгэгдэл0