sonin.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элч, Японы Үндэсний угсаатны зүйн музейн Хүн төрөлхтний иргэншлийн судалгааны тэнхимийн эрхлэгч, профессор, Монгол судлаач Шимамүра Иппэй-г 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзав.


Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Тусгай стратегийн түнш Япон Улсад ажиллаж буй Шимамүра Иппэй-г энэ оны 8 дугаар сард Монгол Улсын отгон Соёлын элчээр томилогдсонд баяр хүргэж, Монгол Улс, монгол соёлыг Япон Улсад сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд нь талархал илэрхийлэв.



Шимамүра Иппэй нь соёлын антропологийн чиглэлээр мэргэшсэн судлаач бөгөөд Монголын нүүдлийн соёл, бөө мөргөл, буддын шашин, орчин үеийн соёлын өөрчлөлтийг судалдаг. Тэрээр цаашид Монгол судлалын чиглэлээрх судалгаагаа өргөжүүлэх, музейн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, санал солилцов.