sonin.mn

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариулав.


Тэрээр: "Тухайн үед болсон асуудлыг хойч үе нь өнөөдөр шүүн хэлэлцэж байна. 16 жилийн хугацаанд маш олон үйл явдал өрнөсөн. Монголын төрийн зүгээс нэг удаа гурван яам хамтарсан, зургаан яамны төрийн нарийн бичгийн дарга нар оролцсон, Даваасүрэн, Тэрбиш, Улаан нарын сайд нараар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийж байсан түүхтэй. Мөн аудит нэг удаа орсон. Зарим материал нь улсын нууцын зэрэглэлтэй хэвээр үлдсэн. Миний хувьд улсын нууцад хамаарах хэсгийг уншсан боловч энэ талаар ярих боломжгүй. Харин энэ удаагийн Хянан шалгах түр хороо ажлаа маш сайн хийсэн гэж үзэж байна.


Хэрэв Монгол Улсын эрх ашгийн эсрэг буруу зүйл хийсэн бол хэдэн жил өнгөрсөнөөс үл хамааран эргэж ярьж, шүүж болно. Энэ бол түүхийн өмнө хүлээх хариуцлага юм. Одоо Хянан шалгах түр хороо дүгнэлтээ гаргаж, ирэх пүрэв гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлнэ.


Үүнтэй холбоотойгоор дахин асуудал хөндөгдөнө. Эцэст нь заавал хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой. Хэрэв АТГ, Улсын ерөнхий прокурор ажлаа хийхгүй бол дараагийн парламент энэ асуудлыг дахин сөхөж гаргах бүрэн боломжтой. Эндээс ойлгогдож буй нэг тодорхой зүйл бол Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиггүй. Үүнийг УИХ-ын гишүүний хувьд хариуцлагатайгаар хэлж байна. Энэ гэрээнээс Монгол Улс хэзээ ч бодит ашиг хүртэхгүй. Харин тухайн үед гэрээ байгуулсан, эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр байсан хүмүүс ашгаа аль хэдийн хүртсэн. Санжийн Баяр авлигын хэргээр ял эдэлсэн. Одоо С.Баярцогт зэрэг бусад хүмүүс ч мөн адил хариуцлага хүлээх ёстой.


Хэрэв энэ гэрээ Монголд ашиггүй байсан бол хохирогч нь хэн бэ? Монгол Улсыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах үүрэгтэй субъект нь Улсын ерөнхий прокурор. Тиймээс бид одоо Улсын ерөнхий прокурор ажлаа хийх эсэхийг харах ёстой.


Хэрэв нууцад байгаа мэдээллүүд ил болвол илүү олон баримт, нотолгоо гарч ирнэ. Гэвч Улсын ерөнхий прокурор Монголын нэрийн өмнөөс “Рио Тинто”-д зарга үүсгэвэл Монгол Улс дахин ялагдах эрсдэлтэй. Учир нь хөрөнгө оруулагч тал гомдол гаргавал өнөөг хүртэл авсан бүх зээлийг хүүтэй нь төлөх нөхцөлтэй гэрээ юм. Энэ бол зориуд хийсэн, зогсоох механизмтой гэрээ. Тиймээс би нэг талаар баяртай байна. Манай залуу гишүүд шударгаар энэ асуудлыг олон нийтэд ил болголоо. Монголын ард түмэн өнөөдөр Оюутолгойн гэрээгээр луйвардуулснаа ойлгож эхэлж байна. Одоо АТГ, Улсын ерөнхий прокурор ажлаа хийх ёстой. 34 хувийг анхнаасаа авах ёсгүй байсан, “модны хазгай нь ёроолоосоо” гэдэгтэй адил буруу эхлэл байсан гэх байр суурь яригдаж байна. Энэ талаар миний байр суурь тодорхой. “Оюутолгой”-н Хувь нийлүүлэгчдийн гэрээ, ТЭЗҮ (хоёр удаагийн), мөн Дубайн гэрээг би бүгдийг нь уншсан. Хэрэв 34 хувийг авахгүй байсан бол Дубайн гэрээгээр зохицуулах бүрэн боломж байсан. Тэр эрх нь тухайн үеийн удирдлагад байсан.


С.Баяр УИХ-ын чуулганы индэр дээр Монголын талын 34 хувийг 56 хувь болтол нэмэгдүүлэх хэлэлцээр хийж чадсан гэж мэдэгдэж байсан. С.Баярцогт ч мөн ийм байр суурь илэрхийлж байв. Хэрэв энэ бүхэн буруу байсан бол 16 жилийн хугацаанд засах бүрэн боломж нээлттэй байсан. Гэвч тэгээгүй. Тиймээс энэ бол худлаа тайлбар.


Монгол Улс 2051 он хүртэл өртэй хэвээр байна. 2034 оноос Оюутолгойн ашиг буурч эхэлнэ. Яг энэ үед зээлийн хүүгийн төлбөр огцом нэмэгдэж эхлэх цаг хугацаа давхцаж байгаа. Энэ бүхэн санамсаргүй биш, санаатайгаар хийгдсэн гэж би үзэж байна" гэлээ.


Н.Отгончимэг