sonin.mn

ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Kyodo/. Япон улс тагнуулын асуудал хариуцсан шинэ сайдын албан тушаалыг бий болгохоор судалж байгаа бөгөөд улам бүр төвөгтэй болж буй аюулгүй байдлын орчныг харгалзан мэдээллийг төвлөрүүлэх чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд ийнхүү төлөвлөж байна гэж засгийн газрын өндөр албан тушаалтан мягмар гарагт мэдээлжээ.


Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү шинэ албан тушаалыг зэрэг хаших төлөвтэй байна гэж албаны хүн хэлсэн байна. К.Минорү парламент дахь тагнуулын ажиллагааны талаарх асуудлуудыг хэдийн хариуцаж байгаа юм. 


Ерөнхий сайд Такаичи Санаэгийн Засгийн газар одоо байгаа Засгийн газрын Тагнуул, судалгааны албыг шинэчлэх замаар үндэсний тагнуулын нарийн бичгийн дарга нарын газрыг ирэх долоодугаар сар гэхэд байгуулахаар төлөвлөж байгаа үед энэхүү алхмыг хийж байна гэж энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжууд мэдээлжээ. Энэхүү шинэчлэл нь эрх баригч Либерал ардчилсан нам /ЛАН/ Инновацын намтай эвсэл байгуулахаар тохиролцсон амлалтын нэг хэсэг байсан бөгөөд энэ нь ЛАН-ын дарга Т.Санаэг энэ оны 10 дугаар сарын сүүлчээр ерөнхий сайд болох замыг нээж өгсөн юм. К.Минорү мягмар гарагт болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр яамдын дунд цуглуулсан мэдээллийг нэгтгэж, дүн шинжилгээ замаар Японы тагнуулын чадавхыг бэхжүүлэх нь засгийн газарт “зохистой шийдвэр гаргахад өндөр чанартай мэдээллийг цаг тухайд нь олж авахад” тусална хэмээн мэдэгдсэн байна.


Шинээр байгуулахаар төлөвлөж буй байгууллага нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой гадаад болон батлан ​​​​хамгаалах бодлогыг зохицуулдаг Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын газартай зэрэгцэн эрэмбэлэгдэх болно гэж ЛАН болон Инновацын нам хооронд байгуулсан гэрээнд дурджээ.


Засгийн газар тагнуулын чадавхыг бэхжүүлэх талаар хууль тогтоомж гаргахыг эрмэлзэж байгаа боловч эрчимжүүлсэн үйл ажиллагаа нь иргэдийг илүү их хянах боломжийг олгож болзошгүй гэсэн болгоомжлол мөн нэмэгдэж байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг