sonin.mn

Хорооны хамаг нарийн ширийн ажлыг зохион байгуулдаг “нэргүй” ажил бол хэсгийн ахлагчийн ажил. Хэсгийн ахлагч нар иргэдтэй хамгийн ойр ажилладаг, тэдэнд ямар бэрхшээл тулгардаг, юу хэрэгтэйг хамгийн сайн мэддэг хүмүүс. Улсаас зохион байгуулдаг хүн ам орон сууцны тооллого, халдварт өвчний судалгаа, өрхийн халамж, хамгаалал, аж байдлын бүхий л судалгааг биечлэн очиж авдаг.


Эзэнгүй айлын хаалгыг хэдэнтээ тогшдог. Эрэл, сурал болдог. Зорилтот бүлгийн айлуудыг ганц эргэж тойрдог хүмүүс нь хэсгийн ахлагч нар. Бичиг цаасны ажил ихтэй.


Цаг наргүй. Гүйцэтгэл, тайлан, биелэлтээ дүүрэг, нийслэл рүү явуулдаг чамлахааргүй их ажилтай. Төрийн жинхэнэ албан хаагчийн тодорхойлолтгүй учраас урамшуулал хэлбэрийн үндсэн цалингаа л авдаг. Ийм ажил хийдэг 1960 хэсгийн ахлагч өнөөдөр нийслэл хотод аж төрөн амьдарч, ажил үүргээ чимээгүй хийсээр ирсэн. 


Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Хэсгийн ахлагч” гэх албан тушаалыг байхгүй болгох шаардлагатай гэж үзэж, хуулийн төсөл санаачилна гэдгээ мэдэгдээд байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин байр сууриа илэрхийлэхдээ “Төрийн хамгийн анхан шатны үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Шөнө оройгүй, ажлын өдөр, амралтын өдөргүй ажилладаг хүмүүс бол хэсгийн ахлагч нар. Тэд яг төрийн үйлчилгээ төдийлөн хүрч чаддаггүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зорилтот бүлгийн айл өрхүүдтэй тулж ажиллаж, бэрхшээл асуудлыг нь мэддэг. Ийм хүмүүс байхгүй бол төрийн анхан шатны үйлчилгээ иргэдэд хүрэх боломжгүй. Төрийн бүх үйлчилгээ 100 хувь цахимжиж байж л хэсгийн ахлагч нарын ажил үнэ цэнгүй болно. Энэ болтол хэсгийн ахлагч нар судалгаануудаа авна, айл өрхүүдээ эргэнэ. Нэг үгээр иргэд, төрийг холбох гүүр нь хэсгийн ахлагч нар гэдгийг УИХ-ын гишүүд маань дүүрэг, хороодоороо яваад хармаар байна” гэлээ.