sonin.mn

Орос улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагад суух байнгийн төлөөлөгч Василий Небензятай хийсэн ярилцлагыг орчуулан толилуулж байна. Ярилцагч нь Би-би-си HARD talk программыг хөтлөгч Стивэн Сакур. Энэ ярилцлагаас Владимир Путины ойлголт, зорилго, зөрүүдлэлийг тольдон харж болно.


ТЭД ХЭДИЙНЭЭ ОХУ-ЫН НЭГ ХЭСЭГ БОЛСОН, АСУУДАЛ ДУУССАН, БИД ЭНЭ ТАЛААР ХЭЛЭЛЦЭХГҮЙ


BBC: Ноён Байнгын төлөөлөгч өө, би Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камероны саяхан хэлсэн үгээр эхэлмээр байна. Тэрээр дараахь зүйлийг хэлэв: Манай дэлхийн тогтворгүй байдлын мэдрэгч одоо улаанаар анивчаад байна. Бид аюулгүй байдлын ийм аюул заналхийлэлтэй удаан хугацаанд тулгарч байгаагүй. Та үүнтэй санал нийлж байна уу?


Василий Небензя : Тийм ээ, би зөвшөөрч байна.


BBC: Одоо хамгийн аюултай тогтворгүй байдал хаана байна гэж та бодож байна вэ?


В.Н.: Өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал бол мэдээж Ойрхи Дорнод. Та үүнийг үгүйсгэхгүй байлгүй. Ойлгомжтой шүү дээ. Энэ бол бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээнд мөргөлдөөн үүсгэж болзошгүй зөрчил юм. Сүүлийн үед Улаан тэнгист болон Еэмен дахь АНУ-ын түрэмгийлэл, Ирак, Сири дэх АНУ, Их Британийн түрэмгийлэл зэргийг та бэлээхэн харж байгаа. Бас Ливаны хойд хил дэээрх Израилийн нөхцөл байдал байна. Тиймээс Ойрхи Дорнод тэр чигээрээ тэсрэх аюултай болчихоод байна. Тун харамсалтай.


BBC: Сүүлийн үед Тусгаар тогтносон улсуудын эсрэг Америк-Британийн түрэмгийлэл, Ойрхи Дорнодод АНУ сүйрэл учруулж байгаа тухай та сүүлийн үед байнга ярих болсон. Танай Орос улс АНУ болон өрнөдийн орнуудтай дэлхийн хэмжээний зөрчилдөөнтэй байгааг та юу гэж үнэлж байна?


В.Н.: Бид барууныхантай зөрчилдөж байгаа нь эргэлзээгүй хэрэг. Энэ талаар бид нээлттэй ярьдаг. Барууны орнууд Оросын эсрэг ил бус дайн хийж байна. Харамсалтай нь танайхан украинчуудыг ердийн зэвсэг төдийгүй кассет бөмбөг, олон төрлийн пуужинт харвах систем, тэр байтугай ураны бүрхүүлт зэвсгээр хангаж үнэн хэрэгтээ тэдний амь насаар тоглож байна. Барууныхан цэргийн төлөвлөлтөнд нь оролцож, хиймэл дагуулаар биднийг хянах гэж оролддог. Тэгэхээр өрнөдийнхөн мэдээж болж байгаа хэрэг явдлын хамсаатан мөн.


BBC: Барууныхан Украинд зэвсэг нийлүүлж байгаа нь ил тод явдал. Иран, Хойд Солонгос ч Оросын армийг зэвсгээр хангаж байгаа шүү дээ. Энэ нь Оросын геополитикийн байр суурийг бидэнд яаж харуулж байгаа хэрэг вэ?



В.Н.: Наадах буруутгалыг чинь сонсохоороо нэг боллоо. Энийг чинь таны таамаглал гэхээс дээ. Гэтэл энэ талаар одоогоор хэн ч эд мөрийн баримт гаргаж ирээгүй байна. "Магадлал өндөртэй" гэсэн таамаглалаас өөр юу ч байхгүй.



BBC: Хойд Солонгосоос Орос руу явж буй ачаа тээвэрлэлтийн Британийн хиймэл дагуулын зураг байдаг. Украины нутаг дэвсгэрээс буудсаны дараа олдсон Ираных нь тодорхой дронуудын хэлтэрхийнүүд байдаг. Ийм улайм цайм баримт байгааг бид мэднэ. Бид мэдэж байгаа гэдгийг та ч мэднэ.


В.Н.: Украйнчууд биднийг Ираны нисгэгчгүй онгоц ашигласан гэж буруутгаж байсныг та санаж байгаа, зөвхөн украинчууд төдийгүй барууны орнууд бүхэлдээ? Дараа нь украинчууд энэ талаар иранчуудтай ярилцах гэж оролдсон. Цаадуул нь тэгвэл хамтдаа ширээний ард сууцгаая, бидэнд биет нотлох баримт гаргааад ир гэсэн. Гэтэл украинчууд энэ асуудлыг дахин сөхөөгүй. Украинд ашигласан гэгдэх "шахидын" хэлтэрхийнүүдийн цаахна Зеленский өөрөө зогсож байгаа гэрэл зургийг та харсан биз дээ? Хэрэв энэ зургийн масштабыг харвал Зеленский гурван метр өндөр болчихоод байгаа юм. Масштаб нь огт тохирохгүй байгаа юм.. Би дахин хэлье, эдгээр дронуудын талаар хэн ч биет нотлох баримт гаргаж ирээгүй.


BBC: Владимир Путин Ким Чен Унтай уулзлаа. Мөн хэдхэн хоногийн өмнө тэрээр Хойд Солонгосын маш өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийг Москвад хүлээн авч уулзсан. Москва, Пэньянь хоёр стратегийн түншүүд гэдэгт эргэлзэхгүй байна. Үүнтэй ижил зүйл Москва, Тегеран хоёрын хооронд болж байна. Танай улсуудын харилцаа ойр дотно байдаг нь нууц биш.


В.Н.: Нууц бишээ. Бид Ирантай харилцаагаа хөгжүүлж байна. Энэ бол бидний хууль ёсны эрх. Мөн бид БНАСАУ-тай харилцаагаа хөгжүүлэх эрхтэй. Энэ бол манай хөрш.


BBC: Тийм ээ, гэхдээ Орос НҮБ-ын холбогдох тогтоолд бүхэл бүтэн цуврал гарын үсэг зурсан тул Хойд Солонгостой зэвсэг хүлээн авах, худалдаалах эрх байхгүй.


В.Н.: Тэрийг би мэднээ, энэ явдал миний оролцоотой болсон.


BBC: Яг тийм. Гэтэл та тэрийгээ одоо зөрчиж байна.


В.Н.: Хэн таньд тэгэж байна? Гэм буруутай ч гэх шиг. Тийм юм бол үүнээ нотлох баримт чинь хаана байна?


BBC: Та нарын Украины эсрэг хийж байгаа дайнд биет дэмжлэг үзүүлж буй Хойд Солонгос, Иран бол танай хамгийн найдвартай найз нөхөд мөн. Та энэ байдалд сэтгэл хангалуун байна уу? Оросын хүсээд байгаа байр суурь энэ мөн үү?


В.Н.: Та өөрийнхөө байр суурьнаас ярьж байна, наадах чинь таны өөрийн чинь итгэл үнэмшил болохоос, минийх биш. Биднийг буруутгах таамаглалаас өөр зүйл байхгүй гэдгийг би та нарт хэлье. Хэн ч эд мөрийн баримт гаргаж ирээгүй. Хиймэл дагуулын зураг энд огтоос хангалтгүй.


BBC: Хойд Солонгостой зэвсгийн худалдаа хийхийг хориглосон Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг би хэлж байна. Мэдээжийн хэрэг, олон улсын хуулийг илүү үндсээр нь зөрчиж байна гэж ОХУ-ыг буруутгасан. Энэ бол Украин руу эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэн хоёр жилийн өмнөх явдал шүү. Владимир Путин ийм халдлага үйлдэх шийдвэр гаргаснаар Оросыг олон улсын эрх зүйг зөрчигч түрэмгийлэгч гүрэн гэж дэлхийн ихэнх улс орнууд үзэх болсныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд сууж байсан та сайн мэдэж байгаа шүү дээ. Үгүй гэж үү?


В.Н.: Өнгөрсөн долоо хоногт Олон улсын шүүх хоёр чухал асуудлаар шийдвэр гаргасан. Эхнийх нь терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын конвенцид хамаарах бөгөөд үүний дагуу Украин биднийг терроризмыг санхүүжүүлсэн гэж буруутгасан. Хоёрдугаарт, Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцид үндэслэн Украин биднийг Крымын татарууд болон Крым дахь украинчуудыг ялгаварлан гадуурхсан гэж буруутгасан.



Товчхондоо шүүх Оросыг террорист улс гэж нэрлэхээс татгалзсан. Хоёрдугаарт, шүүх үүнд Бүгд Найрамдах Донбасс Ард Улсын оролцоог хүлээн зөвшөөрөөгүйн адил MH17 нислэгийн ослын хариуцлагыг ОХУ-д тохохоос татгалзсан.



Гуравдугаарт, шүүх Орос улс терроризмыг ивээн тэтгэдэг гэсэн нэхэмжлэлийг няцааж, Донбасс ард улс болон Луганск ард улсыг террорист байгууллага гэж зөвшөөрөхөөс татгалзав. Энэ нь Киевийн дэглэмд өөрийн Үндсэн хуулийг зөрчин Донбассын ард түмний эсрэг терроризмын эсрэг ажиллагаа явуулах шалтаг болсон юм. Эцэст нь шүүх Крым дахь Крымын татаар, украинчуудыг ялгаварлан гадуурхсан гэсэн нэхэмжлэлийг манай талаас няцаав. Эдгээр шийдвэрүүд нь нөхцөл байдлыг огт өөр өнцгөөс харуулж байна.


BBC: Өөрийн чинь энэхүү хариулт нь та Олон улсын шүүхийг гүнээ хүндэтгэдэг гэдгийг харуулж байна. Тэгвэл 2022 оны 3-р сарын 16-нд мөн л шүүх 13 саналын эсрэг хоёр саналаар Оросыг Украин дахь цэргийн ажиллагаагаа даруй зогсоох ёстой гэсэн шийдвэр гаргасанд та маш их санаа зовж байгаа байх. Гэтэл хоёр жил өнгөрчихөөд байхад та энэ журмыг зөрчсөөр байгаа хэвээр байна.


В.Н.: Хоёрдугаар сарын 2-нд Олон улсын шүүх нь мөргөлдөөний цэргийн талын асуудлаар шийдвэр гаргах эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрснийг та мэдэх үү? Гэвч украинчууд биднийг геноцид конвенцийг ашиглан Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулахыг зөвтгөсөн гэж буруутгасан. Үүнд бид дүрмийн 51 дүгээр зүйлд заасан үндэслэлээр үйлдлээ зөвтгөсөн гэж хариулсан. Товчхондоо, украинчууд одоо Донбасст геноцид хийгээгүй гэдгээ нотлох ёстой учраас энэ дайнд яллагдагчаар татсан. Мөн бидэнд үүнийг батлах бүх баримт бий.


BBC: Гэхдээ та цэргийн бүх үйл ажиллагааг хязгаарлах шүүхийн шийдвэрийг зөрчсөн хэвээр байна. Та дүрэмд суурилсан олон улсын дэг журамд итгэдэг үү? Та үүнийг хүндэтгэж байна уу?


В.Н.: Би дүрэм журамд суурилсан олон улсын дэг журамд итгэдэггүй. Би НҮБ-ын дүрэмд үндэслэсэн олон улсын дэг журамд итгэдэг. Иранд суугаа Австралийн Элчин сайд асан Жон Ленда олон улсын дэг журмын талаар саяхан юу хэлснийг та мэдэх үү? Энэ бол АНУ өөртөө болон холбоотнууддаа зориулан нэгэн цагт боловсруулсан, байнга өөрчлөгддөг дүрмийн багц юм гэж тэр хэлсэн. Дүрэмд суурилсан дэлхийн дэг журмын хамгийн хэцүү зүйл бол эдгээр дүрэм гэж юу болохыг ойлгох явдал юм.


BBC: Олон улсын эрх зүй. Энэ бол энгийн бөгөөд маш чухал ойлголт юм. Олон улсын эрх зүй болон өөр өөр улс орнуудад, тэр дундаа танай улсад хүлээлгэж буй үүргийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай гэдэгт та итгэдэг үү?


В.Н.: Мэдээжийн хэрэг.


BBC: Ийм тохиолдолд газар нутгийг хүчээр нэгтгэн, цэргийн хүчээр эзлэн авах нь олон улсын хуулийн дагуу хууль бус гэж та бас үзэж байна уу?


В.Н.: Эдгээр нутаг дэвсгэрт бүх нийтийн санал асуулга явуулсан. Хүмүүс…


BBC: Үгүй дээ, уучлаарай, тэр санал асуулгыг чинь хэн ч нухацтай хүлээж аваагүй. Мөргөлдөөн үргэлжилж, хүмүүс гэр орноо орхисон.


В.Н.: Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаас гадна өөрийгөө тодорхойлох зарчим бий.


BBC: Ноён Байнгын төлөөлөгч өө, та барууны орнуудыг давхар стандарттай гэж буруутгаж, Украинд болж буй үйл явдлыг Израилийн Баруун эрэг, Газын зурваст хийж буй хариу үйлдэлтэй харьцуулах дуртай. "Хоёр нүүртэй", "давхар стандарт" гэж их хашгирдаг. Гэтэл Оросын тал давхар стандартгүй гэж үү? Жишээлбэл, Орос улс Зүүн Ерусалим болон Голаны өндөрлөгүүдийг Израйльд нэгтгэснийг хууль бус гэж байгаа, учир нь таны хэлснээр энэ нь олон улсын хуулийн дагуу үнэхээр хууль бус үйлдэл юм. Тэгсэн мөртөө Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэснийгээ яахаараа хууль ёсны гэж үздэг байнаа?


В.Н.: Бид энэ дайныг эхлүүлээгүй. Дайн анх эхлэхдээ ...


BBC: Зүгээр л миний асуултанд хариулаач.


В.Н.: Дайн 2014 онд эхэлж, Украины...


BBC: Ноён Байнгын төлөөлөгч өө...


В.Н.: Киевийн дэглэм Донбасст террорист ажиллагаа явуулсан.


BBC: Энэ нь тэгээд Украины газар нутгийг өөртөө нэгтгэх хууль ёсны шалтгаан байж болохгүй гэдгийг та сайн мэдэж байгаа шүү дээ.


В.Н.: ...Минскийн гэрээг хэзээ ч дагах бодолгүй, зөвхөн Киевийг өмөөрөхөд л хэрэгтэй гэдгээ саяхан хүлээн зөвшөөрсөн барууныхны далд зөвшөөрлийн дагуу тэд найман жилийн турш Донбассыг бөмбөгдсөн. Тэгээд бид үүнийг эцэс болгохоор ирсэн юм. Дараа нь Донбасс, Донецк, Херсон, Запорожийн иргэд өөрснөө зүгээр л Оростой нэгдэх хүслээ илэрхийлсэн. Тийм л юм болсон, тэгээд л болоо.


BBC: Ноён Байнгын төлөөлөгч, та НҮБ-ын ахмад дайчин, туршлагатай дипломат хүн. Сири, Хойд Солонгос, Беларусь, Никарагуа зэрэг хэдхэн улс Украины нутаг дэвсгэрийг Орост нэгтгэснийг хүлээн зөвшөөрснийг та мэднэ. Дэлхийн бусад орнууд яагаад үүнтэй адил шийд гаргахаас татгалзаж байна гэж та бодож байна вэ?


В.Н.: "Дэлхийн бусад" гэж юу гэсэн үг вэ? Баруун бол дэлхийн бусад улс биш.


BBC: Цөөн хэдэн улсаас бусад нь Путины ертөнцийг үзэх үзлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.


В.Н.: Хэн чамд ингэж хэлсэн бэ? Дэлхийн өмнөд хэсэг үүнийг хүлээн авч байна.


BBC: Үгүй ээ, худлаа. Тэд Оросын тэр нэгдэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Та НҮБ-д сууж байгаа болохоор үүнийг мэднэ.


В.Н.: АНУ хүн бүрийн гарыг мушгиж, яаж санал өгөхийг тулгасан НҮБ-ын тогтоолын хэлээд байна уу. Одоо олон улсын шүүхийн шийдвэр гарсны дараа юу болохыг харцгаая. Үүнийг харахад сонирхолтой байх болно.


BBC: Юу болсныг харцгаая. Харин одоо Оросын арми Украинд гацсан байгааг бид харж байна. Орос Украины нутаг дэвсгэрийг түрэмгийлж эхэлснээсээ хамаагүй бага газрыг одоо хянаж байна. Ямар нэгэн зүйл буруугаар эргэсэн үү?


В.Н.: Бүх зүйл байх ёстойгоороо л явж байна. Би цэргийн тактикч биш, гэхдээ украинчууд шиг сөрөг довтолгоон хийж байна гэж хүмүүсээ бөөнөөр нь үхэлд хүргэх хэрэг юу байна? Тэд хэдэн арван мянган азгүй украинчуудын амь насыг алдсан шүү дээ. Тэрэнд орвол нөөц баялгаа хэмнэж, стратегийн хувьд байр сууриа аажмаар олж авах нь илүү чухал гэж бодож байна. 


BBC: Украинд 300 гаруй мянган танай хүмүүс амь үрэгдэж, шархадсан бололтой. Бас эзэлсэн газраа эргүүлж алдсан.


В.Н.: Наад тооцоог чинь хэн хөтөлдөг вэ?


BBC: Энэ бол та бүхний мэдэж байгаагаар Америкийн тагнуулын албаны мэдээлэл юм.


В.Н.: За, тэрдээ, мэдээж хэрэг.


BBC: Та нар ард түмнийхээ хохирлыг олон нийтэд зарладаггүй. Хэдэн арван мянган цэрэг үхүүлснийхээ төлөө ард түмнийхээ өмнө ч хариуцлага хүлээдэггүй.


В.Н.: Алдагдал хамаагүй бага байсаан. Тоо баримтыг Оросын Батлан хамгаалах яам нийтэлсэн.


BBC: Тэгвэл надад хэлээч, та нар энэ дайнд хэдэн хүнээ алдсан бэ?


В.Н.: Сонсооч, би цэргийн хүн биш, командлалын гишүүн ч биш, би танд тоо хэлж чадахгүй, гэхдээ зарим үе шатанд эдгээр тоо дурьдагдсаныг сайн санаж байна. Мөн тэд таны эш татсан хүмүүсээс хамаагүй бага байсан.


BBC: Ноён Байнгын төлөөлөгчөө, одоо зүүн Украин даяар хүмүүс фронтод ядарч сульдаж байгааг бид харж байна. Нэг бол Орос зарим салбарт бага зэрэг ахиц дэвшил гаргаж байна, эсвэл Украин энд тэнд бага зэрэг амжилтанд хүрч байна. Гэтэл ерөнхийдөө фронтын шугам хөлдчихөөд хэдэн сар болж байна шүү дээ. Мөргөлдөөн ширүүсч байгаа цорын ганц газар бол Хар тэнгис. Энд Оросын нөхцөл үнэхээр гутамшигтай байдалд байна. Украинд улаан буудай болон хөдөө аж ахуйн бусад бараа бүтээгдэхүүнээ Хар тэнгисээр экспортлох боломжийг олгосон үр тарианы гэрээнээс гарсан. Дараа нь украинчууд довтолгоонд орж, танай байлдааны хөлөг онгоцыг цохиж, далайн сувгийг өөрсөддөө нээхээр шийдэв. Одоо тэд та бүхний зөвшөөрөлгүйгээр дайны өмнөхтэй тэнцэх хэмжээний үр тариа экспортолж байна. Тэнд юу болсон бэ?


В.Н.: Юу нь буруу болсон бэ? Тэд бусад сувгаар үр тариагаа экспортолдог, энэ бол тэдний л бизнес. Хар тэнгисийн санаачилга нь зөвхөн Украины хувьд чухал ач холбогдолтой байсан. Тэд 33 сая орчим тонн үр тариа экспортолжээ...


BBC: Ноён Байнгын төлөөлөгч өө, та нар хэдэн арван хөлөг онгоцоо аль хэдийн алдсан гэдгийг хэлмээр байна. Та нар "Москва" зэрэг тэргүүлэгч хөлгүүдээ алдсан. Бараг долоо хоног бүр танай хөлөг онгоцууд Хар тэнгисийн ёроол руу живдэг. Энэ чинь Оросыг гутааж байна. Яагаад гэдгийг нь би ойлгох гэж хичээгээд байна шүү дээ.


В.Н.: Гэрээ хүчин төгөлдөр байх үед ч украинчууд Крым дахь Оросын бай руу довтлохын тулд Британийн усан доорх нисгэгчгүй онгоцуудыг ашиглаж байсан. Тэд гэрээгээ зөрчиж байгаа учраас л бид гэрээгээ эргэж харах шаардлагатай болсон. Гэтэл гэрээ хүчин төгөлдөр байхад тэд 33 сая тонн үр тариа экспортолж, харин бид тэглэсэн. Энэ бол хэлэлцээрн үр дүнгүй болсон учир бидэнд ашиггүй болсон тул бид үүнийг зогсоосон.


BBC: Дайн төлөвлөгөөнийхөө дагуу явж байна гэж та нар мэдэгдээд байгаа, энэ нь тийм биш гэдгийг бид харж байна. Та хоёр өөр юм холбож яриад байгаа юм шиг надад санагдаж байгаа учраас л Оросын Украин дахь төгсгөл яах бол гэж би гайхаад байгаа юм. Нэг талаас, Оросын зорилго өөрчлөгдөөгүй байгаа нь Украины улс төрийн ирээдүйг Путин хүсч байна гэсэн үг юм. Тэрээр Украиныг хэзээ ч НАТО-д элсүүлэхгүй байхаар шийдсэн бөгөөд Киевийн эрх баригчдыг "нацист дэглэм" гэж нэрлэж, энэ дэглэмийг бүрэн устгахыг эрмэлзэж байгаа бололтой. Гэхдээ нөгөө талаас Орос улс хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа. Та нар яг юуны талаар хэлэлцээр хийхэд бэлэн байгаа юм бэ?


В.Н.: Бид хэзээ ч хэлэлцээр хийхэд бэлэн биш гэж хэлээгүй. Гэхдээ 2022 оны сүүлээр Зеленский Путинтэй өөрөө хэлэлцээр хийхийг хориглосон зарлиг гаргасныг та мэднэ. Оролцохгүй хүнтэй яаж тохиролцох вэ?


BBC: Би украинчуудаас юуны талаар хэлэлцээр хийхэд бэлэн байгааг асуусан. Харин одоо НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгчийн хувьд би танаас асууж байна: Орос улс ямар хэлэлцээрт бэлэн байна вэ?


В.Н.: Хэрэв тэд НАТО-гийн тулган шаардалтаар Копенхагены формат гэгчийн хүрээнд хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ хэлж байгаа бол, энэ нь бидний хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй. Бодит хэлэлцээрүүд эрт орой хэзээ нэгэн цагт эхлэхэд фронт дахь нөхцөл байдлыг харгалзан үзэх болно.


BBC: Гэхдээ та нар бидний дотроо хэлэлцсэн, дэлхийн хамтын нийгэмлэгээс хууль бус гэж үзэж байгаа аннексийг буцаана гэсэн үндэслэлээр хэлэлцээр хийхэд бэлэн үү? Та нар өөртөө нэгтгэсэн Украины тусгаар тогтносон газар нутаг болох эдгээр дөрвөн бүс нутгаас буцах асуудлыг хэлэлцэхэд бэлэн үү?


В.Н.: Энэ сэдвээр хэлэлцээр хийх боломжгүй гэж бодож байна. Тэд аль хэдийн ОХУ-ын нэг хэсэг болсон. Асуудал нэгэнтээ дууссан, бид үүнийг хэлэлцэхэд бэлэн биш байна.


BBC: Та нар энэ талаар хэлэлцэхэд бэлэн биш гэлээ. Өөрөөр хэлбэл, ярих зүйл огт байхгүй гэсэн үг үү?


В.Н.: Бид өөр маш олон зүйл ярьж болно.


BBC: Украин бууж өгөх ёстой, энэ талаар л та ярихыг хүсч байна уу?


В.Н.: Тэд л биднийг бууж өгөх ёстой гээд байна шүү дээ.


BBC: Оросын газар нутгаас ганц ч сантиметрийг булаан авна гэж украинчууд заналхийлээгүй. Тэд Оросын аль ч газар нутгийг булаацалдаагүй. Гэтэл та нар л тэдний нутаг дэвсгэрийн хэсгүүдийг нэхэмжлээд байгаа шүү дээ.


В.Н.: Айн гэж бай, энэ нь зөвхөн Украины тухай биш, харин Европ болон дэлхийн аюулгүй байдлын тухай юм. Энэ нь нэлээд эрт буюу 2007 онд, бүр эрт В.Путин Мюнхенд хэлсэн үгээс эхэлсэн юм. Түүн рүү хараад “Чи юугаа донгосоод байгаа юм бэ?” гэж бодсон хүмүүсийн нүүрэн дээрх ёжыг би сайн санаж байна. Гэтэл түүнээс хойш юу юу болов доо? 2008 онд Бухарест хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалт дээр Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлнэ гэж амлацгаасан. 2008 онд Гүржийн Саакашвили Өмнөд Осетийн эсрэг түрэмгийлэл үйлдэхийг харлаа. Бид 2014 онд Киевт Майдан болохыг харлаа. Эцэст нь бид арга ядаад 2021 оны хоёрдугаар хагаст сүүлчийн оролдлого хийж, НАТО-гийн гишүүн орнууд болон АНУ-д Европын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхийг тус тусад нь уриалсан боловч тэд татгалзсан.


BBC: Оросын байр сууринд ямар нэгэн өөрчлөлт, бодит хэлэлцээ хийхэд бэлэн байгаа талаар би танд сануулга өгөх гэсэн юм биш. Энэ жил зарим зүйл өөрчлөгдөж магадгүй л байх. Энэ нь Оростой шууд хамаатай биш. Гуравдугаар сард Владимир Путин дийлэнх олонхийн саналаар ерөнхийлөгчөөр дахин сонгогдоно гэдгийг л бид мэдэж байна, угаасаа л Оросын систем ингэж ажилладаг юм чинь. Харин 11-р сард болох АНУ-ын сонгуулийн үр дүнд Цагаан ордонд хэн ирэхийг бид огтоос мэдэхгүй. Та Трампыг ялна гэж хүлээн найдаж байгаа биз дээ?


В.Н.: Үгүй ээ. Өнөөдөр Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынханд нийтлэг зүйл бий нь Оросын эсрэг мөрийн хөтөлбөр. Цагаан ордныг хэн ч авсан бай, ямар нэг өөрчлөлт гарна гэж урьдчилан харахгүй байна.


BBC: Тэгэхээр та Дональд Трампыг Оросын эсрэг улстөрч гэж хэлж байна уу?


В.Н.: Би Ардчилсан нам, Бүгд найрамдах намынхныг юу нэгтгэдэг талаар л ярьж байна.


BBC: Хэрэв Дональд Трамп сонгуульд ялснаар Бүгд найрамдах намыг төмөр нударгаар атгаж, их зүйл өөрчлөгдөнө гэж хэлмээр байна. Чухамдаа эдгээр өөрчлөлтүүд өөрт нь 2025 онд түүнд ноцтой давуу тал олгоно гэж Владимир Путин үзэж байгаа байх.


В.Н.: Би энүүнд бооцоо тавих гээгүй. Гэхдээ хэлэлцээрийн сэдэв рүү эргэж орцгооё. Бид хэлэлцээрийн талаар хэзээ ч үргэлж бэлэн байсан. Бид хэлэлцээр хийхэд бэлэн, гэхдээ бодитойгоор.



2022 оны 4-р сард бид Истанбулд украинчуудтай тохиролцсон хэлэлцээрээ эцэслэн шийдвэрлэхэд бэлэн байсан чинь гэнэт Борис Жонсон Киев рүү гүйж ирээд, тулалдаанаа үргэлжлүүлээрэй гэж Киевийн хүүхэлдэйнүүддээ хэлсэн. Тиймээс амь насыг нь аврах боломжтой байсан хэдэн арван мянган украинчуудын үхэлд бас Борис Жонсон буруутай.



Украинчууд тухайн үед эцэслэхээр тохиролцоонд хүрч байтал Жонсон болон АНУ тулалдаанаа үргэлжлүүл гэж албадсан учраас л үй олон украйнчуудыг их бууны тэжээл болгосон доо.


BBC: Орос Украинд түрэмгийлснээс болоод Москвагийн найдлага урд байснаасаа яг эсрэгээр эргэлээ. Та нар Европын батлан хамгаалахын төсөвт шинэ түлхэц өгсөн. НАТО-гийн хоёр шинэ гишүүн - Финланд, Швед улсууд гараад ирлээ. Өөрөөр хэлбэл, НАТО өргөжин тэлж, Европын хэд хэдэн танай хөршүүд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж байна. Германы Батлан хамгаалахын сайд хэлэхдээ, шинжээчдийн таамаглаж байгаагаар, Орос улс НАТО руу довтлох нь ойрын 5-8 жилийн дотор бодитой болж магадгүй гэлээ. Та нар айхавтар сэрэмжлүүлгийг Европ руу илгээчихлээ шүү дээ.


В.Н.: Одоо Европт эдийн засгийн гүн хямрал нүүрлэж байгаа нь харин ч АНУ-д ашигтай, учир нь Европын холбооны аж үйлдвэрийн салбарууд Америк руу шилжиж эхэлсэн. Эрчим хүчний үнэ хэт өндөр байна. Европ хямралын ирмэг дээр байна. Европ батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж, Америкийн зэвсгийг илүү ихээр худалдаж авна. Тэгэхээр энэ нь хэнд ашигтай вэ? Жо Байден Украины талаар юу хэлснийг та мэдэх үү? АНУ-ын Украинд зарцуулж буй мөнгөний 90 хувь нь АНУ-д үлддэг учраас энэ бол ямар нэг талын бизнесийн төсөл маягтай маш том хөрөнгө оруулалт гэж тэр хэллээ.


BBC: Ноён Байнгын төлөөлөгч өө, та "бардам зан" гэдэг үгийг мэддэг үү? Оросууд үүнээс болж зовж байгаа юм шиг надад санагдаж байна. Танай эдийн засаг Италийнхтай дүйцэхүйц. Барууны хамтын нийгэмлэгийн эдийн засаг танайхаас 25 дахин том гэдгийг Дэвид Камерон саяхан онцолсон. Гэтэл барууны эсрэг дайнд өөрсдийгөө ялж чадна гэж та бодоод л байдаг?


В.Н.: Барууныхан Орост стратегийн ялагдал өгөхийг оролдож байна. Энэ бол бүр албан ёсны томъёолол шүү. Адаглаад л эдийн засгийн хувьд сулруулна гэх.



Гэхдээ тэд юу ч хийсэн, тэр дундаа төрийн байгууллага, хувь хүмүүсийн эсрэг 10 мянган хориг арга хэмжээ авсан ч Оросын эдийн засаг бүх хүлээлтийг үл харгалзан өссөөр байна. Оросын эдийн засаг амьд үлдсэн.



Бид эдийн засгийн тал дээр Европ эсвэл АНУ-д найдах боломжгүй гэдгээ ойлгосон учраас энэ байдал бүхэлдээ эрч хүч нэмсэн гэдэгт би итгэлтэй байна. Бид хийх ёстой зүйлээ хийх л ёстой. Энэ нь бидний хувьд ч, манай эдийн засагт ч сэхээрлийн дуудлага болсон доо.


Орчуулсан Баабар