sonin.mn

Ес дэх удаагийн Хятадын олон улсын импортын экспо арваннэгдүгээр сарын 10-нд Шанхай хотноо өндөрлөлөө. Зургаан өдөр үргэлжилсэн тус арга хэмжээ оролцогчдын тоо, үзэсгэлэнгийн талбай, танилцуулсан шинэ бүтээгдэхүүн болон худалдааны хэлцлийн үнийн дүн зэрэг таван гол үзүүлэлтээрээ түүхэн дээд амжилт тогтоожээ.


Энэ удаагийн экспод дэлхийн улс орнуудын 4142 аж ахуйн нэгж оролцсон байна. Үзэсгэлэнгийн нийт талбай анх удаа 440 мянган ам метрийг давж, үүнээс 370 мянган ам метрийг аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнд зориулжээ.


Түүнчлэн дэлхийн шилдэг 500 компанийн жагсаалтад багтдаг болон салбартаа тэргүүлэгч 300 гаруй аж ахуйн нэгж оролцсон нь экспогийн олон улсын ач холбогдол, цар хүрээ улам өргөжсөнийг харуулж байна.

Экспогийн үеэр дэлхий, Ази болон Хятадын зах зээлд анх удаа танилцуулсан нийт 485 шинэ бүтээгдэхүүн, технологи, үзмэрийг олон нийтэд дэлгэжээ.


Мөн ирэх нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн худалдааны хэлцлийн нийт үнийн дүн 85.45 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх удаагийнхаас 2.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ.


Ийнхүү Хятадын олон улсын импортын ес дэх удаагийн экспо худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал талбар болж, олон улсын худалдааны харилцааг идэвхжүүлэхэд хувь нэмэр орууллаа.


Г.Бямба