Тусгаар тогтнол, төр улсаа 1911 оны 12 сарын 29-ний өдөр сэргээн мандуулсан монголчуудын 1912 оны 2 дугаар сард тэмдэглэсэн Цагаан сар урьд урьдынхаас тэс өөр болжээ. Монгол хүн бүрийн нүдэнд оч гялалзаж, нүүрэнд баярын мишээл тодрон гэрэл гэгээ сацруулсан Усан хулгана жилийн цагаан сар Богд хааны зарлигаар 1912 оны 2 дугаар сарын 19-нд болсон байна.
Энэ жил 2024 он. Төр улс, тусгаар тогтнолоо 1911 онд сэргээн мандуулсаны дараа болсон Цагаан сараас хойш 112 жилийн дараа монголчууд Цагаан сараа мөн л 2 дугаар сард тэмдэглэж байна. Уг нь энэ жилийн Цагаан сар жил жилийнхээс их л өөр илүү баярын мишээл дүүрэн болох учиртай. Учир нь туулай жилд олон жил монголчуудын хүслэн болсон Аравдугаар дүрийн Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг элдэв саад бэрхшээлийг туулан олны өмнө ил гарч, Дээрхийн гэгээнтэн Далай лам дэлхий нийтэд даяар олноо зарласан билээ. Энэ бол Монголын түүхэнд 267 жилийн дараа Монголын бурханы шашны тэргүүнээр Монгол хүн тодорсон түүхэн үйл явдал юм. Тиймээс эл жилийн Цагаан сар монголчуудын хувьд онцгой хэмээн үзэж буй билээ.
Чухамдаа тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авсан монголчуудын хувьд цагаан сараас илүүтэй баяр ёслол, тэмдэглэлт өдөр үгүй байсан хэмээн хэлж болно.
Баруун өргөө буюу гал голомт Өргөө нь эртний Монголын төрийн гал голомтоо хүндэлдэг ѐс заншил хүндэтгэлийг залгамжлан авч, Монгол төрийн галыг бадраан, зулыг асааж бидний үед уламжлуулсан ажээ.
Хамгийн их хүндэтгэл бүхий Чингис хааны удам Автай сайн ханы өвөг удам нь болох их эрх мэдэл бүхий Түшээт хааныхан Баруун Өргөөний хурал ном, ѐслол хүндэтгэлийг эрхлэн гэрийн мод бүрээс хэрэгслийг шинэчлэх, засч сэлбэх, зоог шүүсний бүх зардлыг гаргадаг байжээ.
Битүүний үдэш Түшээт ханыхаас Баруун Өргөөнд ширээ засч идээ шүүс тавин будаалга хийхдээ төмөр зуух хэрэглэдэггүй эртний заншлаар гурван чулуу тулсан тулганд гал асаан ѐслол хүндэтгэл үйлдэнэ. Цагаан сарын шинийн нэгний өглөө наран ургах цагт Өргөөний гол дахь гурван чулуу тулсан тулганд Түшээт ханы алтан ургийн нэгэн тайж хатны хамт ирж, хэт цахиж гал асаан “Хаан аавын цахиж асаасан, хатан ээжийн үлээж хөгжөөсөн гал голомт” гэж хэлэхэд хатан нь галаа бадрааж, хуран цугласан хаад ноѐд, төрийн сайд, түшмэд золголт хийж, шинэлэх ѐсны баяр эхэлдэг байжээ хэмээн Позднеев тэмдэглэсэн буй.
Жил бүрийн Цагаан сарын шиний нэгний өглөө Түшээт ханы төлөөний хүн ирж, “хаан эцгийн цахиж асаасан гал, хатан эхийн үлээж хөгжөөсөн голомт” хэмээн хэлж хэт цахиураар гал асаадаг байсан нь Эзэн Чингисийн гал голомтыг тасралтгүй авч явааг илэрхийлсэн утгатай байв.
1911 онд Монголын тусгаар тогтнол, төр улс дахин сэргэж, Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны эрдэнийн суудалд залсан билээ. Үүнээс хойш Богд хаан, эх дагинын хамт жил бүрийн Цагаан сарын шинийн нэгний өглөө Баруун өргөөнд ирж, гал асаадаг болсон байна. Энэ бол эзэн Чингисийн төрийн залгамж, уламжлалыг хадгалж буйг илэрхийлсэн хэрэг юм.
Улмаар Богдын Засгийн газрын гишүүд, сайд, түшмэд цөм Цэргийн яамны дэд сайд, бэйс Насанравжих, Гадаад яамны дэс түшмэл Сөстэй нарын санал болгож, Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд Богд хаантанд айлтгаснаар Нийслэл Хүрээний Баруун өргөөний Улаан сахиусны өмнө тангараг өргөсөн байна.
Хожим 1920 оны 1 дүгээр сард Хүрээний нууц бүлгэмийн гишүүд болох С.Данзан, М.Дугаржав, Д.Догсом, Ө.Дэндэв, Д.Сүхбаатар нар мөн л Нийслэл Хүрээний Баруун Өргөөний улаан сахиусны өмнө тангараг өргөж байжээ.
1912 онд Монголчууд Цагаан сарын баяраа хэрхэн тэмдэглэсэн тухай Норвегийн аялагч Оскар Мамен бээр сонирхолтой зүйлс тэмдэглэснийг эрхэм уншигч танаа хүргэж байна.
ЦАГААН САР
Монгол тооллоор жилийн эхний сарыг Цагаан сар гэх бөгөөд цаг хугацааны "Цагаан сар" буюу илүү оновчтойгоор тэнгэр эрхсийн "Цагаан саран" гэсэн утгатай юм. Басхүү уг нэршлээр зөвхөн шинэ сарын эхний өдөр буюу шинэ жилийн өдрийг нэрийднэ. Тусгайлан жилийн эхний сар буюу саранг хүндэтгэлтэйгээр ийнхүү нэрлэх ба бусад сарыг хоёр, гурав, дөрөв гэх мэтээр дуудна. Манай шинэ жилтэй адилавтар энэхүү "Цагаан сар" нь хамгийн хүйтэн улирлын дунд үеэр тохиох бөгөөд хэдий Цагаан сарын үеэр Монгол газар нутаг цасан хучлагаа гээж орхиод жавар ноёнтон цан хүүрэгт бууралтсан хамар хацрыг таалж, үстэй малгайн чих цан хяруунд цайран бүрхэгдэхүй дор нар салхинд зүдэрсэн царай нь орог саарал харагдавч нэр нь үлэмж зохицсон гэлтэй.
Цагаан сар голдуу Хятадын шинэ жилийн дараа болох ба чингэхдээ нэг өдрийн хойно тохионо. Гурван жил тутам нэг сарын дараа болно. Тиймээс 1912 онд Хятадын шинэ жил 2 дугаар сарын 18-нд, Цагаан сар 2 дугаар сарын 19-нд, 1913 онд Хятадын шинэ жил 2 дугаар сарын 6-нд, Цагаан сар дараагийн өдөр нь тохиож, харин 1914 онд Цагаан сар 2 дугаар сарын 25-ны өдөр тохиосон нь Хятадын шинэ жилээс бүтэн нэг сарын дараа болсон хэрэг байв.
Шашны үүднээс илүү чухал тэмдэглэлт өдрүүд байдаг хэдий ч Цагаан сараас илүүтэй баяр ёслол, тэмдэглэлт өдөр үгүй нь илэрхий байдаг...
Харин Цагаан сар тэдний бэлгэшээлт төрсөн өдөр буюу хүн бүрийн аз жаргалтай өдөр нь билээ. Цагаан сар нь монголын бусад тэмдэглэлт өдөр, баяр ёслолоос хавь илүү бэлтгэл ажил, мөнгө цаас болон амьдралын элдэв зүйлсийн бэлэг сэлт шаардсан баяр болдог юм.
Зул сар болон шинэ жилийн баяртаа бэлтгэх дийлэнх барууныхны адилаар монголчуудын цагаан сарын бэлтгэл ажлыг хоол ундаа зэхэх, гэр орноо цэвэрлэж цэгцлэх, бэлэг сэлт солилцох гэсэн гурван үндсэн хэсэгт хувааж болох юм.
Шуудангаар харилцан мэндчилгээ зурвас илгээдэг барууны заншлыг монголчууд үл мэдэх ба тийн үйлдэж буй гадаадынхныг анзаарсан нэгэнд их л сонин санагдах ажээ. Гадаадад багагүй амьдарсан нэгэн монгол оюутантай ярьж суутал ярианы сэдэв баярын мэндчилгээ болон өөрчлөгдөхөд тэрээр "Миний бодлоор илгээж байгаа хүндээ ил захидал, шуудангийн зардлаас цаашгүй, хүлээн авч байгаа хүн нь олныг авч байж баярлах ёстой юм шиг нэгэн зүйлийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг аятай, утгагүй хачин заншил" гэж хэлсэн юм. Тэр оюутны зөв мэтээр бодогдох үе олонтоо тохиож байлаа.
Цагаан сарын бэлгэнд хэм хэмжээ гэж огт үгүй. Үнэ цэнэтэй хуйлаа торго, гадаадын үнэтэй ангийн буу, нагаан буу, хурдан гар буу, янз бүрийн үслэг эдлэл, хурдны морь, хятад болон гадаадын төрөл бүрийн тавилга, гэр ахуйн бараа, цаг гэх мэт олон зүйл Цагаан сарын өмнөхөн шинэ эзэндээ хүрнэ. Нэг удаа манай гэрийн эзний ноёд түшмэдэд илгээж байсан бэлгийн дунд унадаг дугуй байсан бөгөөд тэр дугуйг нь морьтой хоёр хүн дундаа урт саваа модноос бэхлээд авч явж байлаа.
Миний хувьд харилцаа холбоотой байдаг монгол найз нөхөд, ноёд түшмэд бүгдээс нь Цагаан сарын бэлэг хүлээн авах тул хариуд нь нэлээд бэлэг өгөх хэрэгтэй болдог байв. Монголчууд надтай өөриймсүү хандахыг бүхий л талаар хичээж байгаа нь илэрхий байсан бөгөөд Монголын энэ байдал надад юу юунаас илүүтэй таалагддаг байсан юм....
Орой нь тахилын цөгцнүүдийг шинэ идээ ундаагаар сэлбэн дүүргээд зулын голыг шинээр ороон цөгцийг нь шинэхэн тосоор дүүргэнэ. Айл өрх тахилын ширээгээ аль чадах чинээгээрээ өнгөлөн сэргээж, ерөнхийдээ гэрийнхээ сахиус буюу "бурхан" залсан гууг томхон шиг "хадгаар" бүтээсэн байна. Бараг л айл бүр бурхан тахилынхаа өмнө томхон тавагтай чанасан мах тавьсан нь хаалганы баруун тал руу бага зэрэг хажуудсан янзтай байх бөгөөд мөн л том хадаг нөмөргөсөн байх ажээ. Ихэнх тохиолдолд авдар саваа ухаж, зарим нэг эртний ховор нандин "бурхны" хуйлмал танка гарган гэрийн хойморт хүндтэй газраас өлгөсөн харагдана. Гууль, ган буюу мөнгөн чимэглэл бүхий гоёмсог зэс цайны домбо, бас бус зэс сав суулга байдгаараа гэрэлтэн гялалзана. Авдар сав, жижиг ширээ бүгд цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байх бөгөөд харсан хэн бүхэнд жилийн сүүлийн үдшийн хиргүй тунгалгийг аргагүй санагдуулна.
Лхагва - 09 сарын 09,
2026