“Үнэнч мөнх андууд” Төрийн бус байгууллагын гишүүд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус байгууллагын гүйцэтгэх захирал Л.Амарсайхан: "Бид энэ жил чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Дэлхийн 63 улс, 80 гаруй сая хүнийг хамарсан том дайн байсан. энэ ялалтанд монголын ард түмэн тодорхой хувь нэмрээ оруулсан.
Тийм учраас 2026 онд Монгол-Оросын хооронд найрамдалт хамтын ажиллагаа тогтоосны 105 жил, БНМАУ-ЗХУ хооронд харилцан туслалцах протоколтой гэрээ байгуулсны 90 жилийн ойн хүрээнд “Үнэнч мөнх андууд” холбоо санаачлан "Бүхнийг фронтод тэмээн жингийн цуваа" төсөл хэрэгжүүлэх гэж байна. Энэ төсөл аугаа их ялалтыг бий болгоход монголын ард түмний оруулсан хувь нэмрийг түүхэнд тод томруунаар илэрхийлэх зорилготой.
Хувьсгалт Монгол танкын бригад, нисэх онгоцны эскадрил гээд бүгд мэднэ.
Гэхдээ 1200 тэмээ бүхий жингийн цуваа, 108 хүний бүрэлдэхүүнтэй 230 хоног, 240 тонн бэлгийн цувааг Ховд аймгийн Манхан сумаас тухайн үеийн ЗХУлсын Бийск хот хүртэл хүргэсэн маш том үйл явдал болсон юм.
Энэ төсөл бол бэлгийн цуваа гэхээсээ илүүтэйгээр дэлхий дахинд монголын ёс заншил, монголын ард түмний баатарлаг үйл явдлыг таниулах зорилготой юм. Түүхэнд монголоос торгоны зам, цайны замаар тэмээн жингийн цуваагаар олон ачаа явж байсан байдаг. Нэг жин тэмээ нь 50-60 тэмээтэй байдаг. Гэтэл 1200 тэмээтэйгээр 2300 км газрыг 230 хоног туулсан 108 хүн бол үнэхээр баатарлаг гавъяа байгуулсан хүмүүс.
Дайны суман дундуур биш ч гэсэн байгалийн хатуу бэрхшээлийг давж жингийн цуваа хүрсэн байдаг. Энэ аугаа түүхийг дэлхий дахинд тод томруунаар үзүүлэх, монголын ард түмэндээ, хүүхэд залуучууддаа сургаж мэдүүлж, ойлгуулах үүднээс энэ төслийг боловсруулсан юм.
Уг төслийг 3 үе шаттайгаар хийж хэрэгжүүлнэ. Эхний шат нь судалгаа шинжилгээний ажлууд буюу энэ түүхтэй холбоотой бүх зүйлийг тодотгон баримтжуулах ажлууд хийгдэнэ. Хоёрдугаарт, Ховд аймгийн Манхан сумаас Бийск хот хүртэл бүх маршрутыг тодотгож, тус маршрутын дагуу энэ хүнд хүчир үүргийг гүйцэтгэсэн тэмээн жингийн цуваа явж ирсэн замаар дурсгалын самбар, баганууд босгох юм. Гуравдугаарт, түүхэн үүргээ гүйцэтгэсний дараа магадгүй хоёр улсын хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах болов уу гэж бодож байна.
Ингээд энэ төслийн төгсгөлд тэр олон жилийн өмнө 240 тонн ачааг 1200 тэмээгээр хүргэж байсан бол одоо орчин цагт 1200 биш ч 100 орчим тэмээтэйгээр цөөн тооны ачааг ОХУ-ын Бийск хот хүртэл хүргэх бодит адал явдал бүхий аялал хийх бодолтой байна." гэсэн юм.
Н.Отгон
Лхагва - 12 сарын 03,
2025

Сэтгэгдэл2
Ямар мэдрэл нь ийм юм бодож олоо вэ? Түрэмгийлэгч нарт тусламжийн цуваа илгээх дутаж гэнэ.
Энэ хэдээр л дутав гэж ...