sonin.mn

ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй санхүүгийн тогтворгүй байдал, геополитикийн тодорхойгүй байдлаас үүдэлтэй дарамт нэмэгдэж байгаа тул дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 2.6 хувь болж саарна гэж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагаас /UNCTAD/ мягмар гарагт гаргасан тайланд дурджээ. 


Санхүүгийн зах зээлийн өөрчлөлт нь дэлхийн худалдаанд эдийн засгийн бодит үйл ажиллагаатай ерөнхийдөө адил хэмжээнд хүчтэй нөлөөлж, дэлхий даяарх өсөлтийн хэтийн төлөв байдалд нөлөөлж байгааг 2025 оны Худалдаа, хөгжлийн тайлан харуулж байна гэж НҮБ-ын худалдааны байгууллага мэдээлсэн байна.


Хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологиудын үр өгөөжийг хүртэх боломжтой хэдий ч дэлхийн өсөлт 2026 онд 2.6 хувь байх төлөвтэй байна гэж тайланд бичжээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ мөн өдөр дэлхийн ДНБ-ий өсөлт 2025 онд 3.2 хувиас 2026 онд 2.9 хувь болж буурна гэж таамагласан байна. UNCTAD-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан мэдэгдэхдээ, санхүүгийн нөхцөл байдал дэлхийн худалдааны чиглэлийг тодорхойлох нь улам бүр нэмэгдэж байгааг энэхүү судалгааны дүнгээс харж болно гэлээ.


“Худалдаа бол зөвхөн нийлүүлэгчдийн гинжин хэлхээ биш. Энэ бол зээлийн шугам, төлбөрийн систем, валютын зах зээл, хөрөнгийн урсгалын гинжин хэлхээ юм” гэж тэрбээр хэлжээ.


Тайланд хөгжиж буй эдийн засагтай орнуудын өсөлт 2025 онд 4.3 хувьтай байна гэж таамаглаж байгаа нь хөгжингүй эдийн засгуудаас хамаагүй өндөр байна. Гэсэн хэдий ч санхүүжилтийн өндөр өртөг, хөрөнгийн урсгалын гэнэтийн өөрчлөлтөд өртөх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой санхүүгийн эрсдэл нэмэгдэх зэрэг хүчин зүйлс нь хөгжиж буй эдийн засгуудын хувьд өсөлтийг хангахад шаардлагатай санхүүгийн болон хөрөнгө оруулалтын орон зайг хязгаарлаж байна. Тайланд дотоодын санхүүгийн зах зээл нь жижиг, хөгжиж буй эдийн засагтай олон орон хөгжингүй эдийн засагтай орнуудтай /1-4 хувь/ харьцуулахад 7-11 хувийн өндөр хүүтэй гадаад зээлээс хамааралтай байгааг тэмдэглэжээ. Үүнээс гадна, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдал нь санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж байгаа бөгөөд цаг агаарын эрс тэс уур амьсгалд байнга өртдөг улс орнууд жил бүр ойролцоогоор 20 тэрбум ам.долларын хүү төлдөг гэсэн тооцоо гарсан байна.


Иймд UNCTAD-ын зүгээс санхүүгийн эмзэг байдлыг бууруулах, урьдчилан таамаглах чадварыг сайжруулах, худалдаа, санхүү, хөгжлийн хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор цогц шинэчлэл хийхийг уриалжээ.


Тэдгээр арга хэмжээнд худалдааны дүрмийг шинэчлэх, мэдээллийн хязгаарлалтыг бууруулах бодлого, олон улсын валютын системийг шинэчлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зэрэг орох ажээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг