sonin.mn

ПАРИС, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /Forbes/. Парисын хөрөнгийн биржийн даваа гаргийн арилжааны явцад Airbus компанийн хувьцааны ханш 10.8 хувиар унаж, 182.38 евро болсон нь энэ оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт юм.


Ханш ийнхүү унасны шалтгаан нь A320 загварын онгоцны үйлдвэрлэлийн явцад гарсан асуудалтай холбоотой мэдээлэл байв. Reuters агентлагийн мэдээлснээр, хэд хэдэн онгоцны их биеийн хавтантай холбоотой согог илэрчээ.


Илэрсэн доголдлын улмаас зарим нийлүүлэлт хоцорч байгаа ба одоо нислэгт ашиглаж буй онгоцуудад доголдол илрээгүй байна. Одоогоор асуудлын шалтгааныг тодруулаагүй байгаа гэж Reuters-ийн эх сурвалж мэдээлжээ. Airbus компани энэхүү мэдээлэлд тайлбар хийгээгүй байна. Хэдхэн өдрийн өмнө буюу 11 дүгээр сарын сүүлчээр Airbus программ хангамжид доголдол илэрсэн талаар мэдээлжээ. Тодруулбал, нарны цацрагийн нөлөөгөөр онгоцны бүхээгийн компьютерүүд нислэгийн удирдлагын системд чухал хэрэгтэй мэдээллийг буруу дамжуулж байсан байна. Энэ асуудлыг агаарын тээврийн JetBlue компанийн онгоцны ослын буултыг шалгах үеэр илрүүлжээ. Уг онгоц Мексикээс хөөрсний дараа гэнэт өндрөө алдсаны улмаас 15 хүн гэмтэж бэртжээ.


Энэхүү доголдлын улмаас Airbus компани A320 загварын 6000 онгоцонд программ хангамжийн шинэчлэл хийхийн тулд нислэг үйлдэхийг түр зогсоосон байна. 12 дугаар сарын 1-ний байдлаар ихэнх онгоцонд шинэчлэлийг хийжээ. Одоо 100 хүрэхгүй онгоц үлдээд байна.


Airbus компани 2025 оны эцэс гэхэд 820 онгоц нийлүүлэх зорилт тавьсан. Энэ оны эхнээс одоо хүртэл нийлүүлсэн онгоцны тоо 657 болжээ. Өнгөрсөн сард ердөө 72 онгоц нийлүүлсэн нь шинжээчдийн таамаглаж байснаас хавьгүй цөөн байна. Тиймээс 12 дугаар сард зорилтдоо хүрэхийн тулд 160 гаруй онгоц нийлүүлэх шаардлагатай. Ийм тооны онгоцыг нийлүүлбэл компанийн хувьд нэг сард нийлүүлсэн онгоцны тоогоор шинэ рекорд тогтоох бөгөөд өмнө нь 2019 онд нэг сарын дотор 138 онгоц нийлүүлж байсан юм. Агаарын тээврийн компаниуд онгоцыг хүлээн авахдаа үнийн ихэнхийг төлдөг тул нийлүүлэлтийн тоо Airbus-ын орлогод шууд нөлөөлдөг байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг