ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /CNN/. Вашингтон хотод Үндэсний гвардын хоёр албан хаагч руу гал нээсэн хэрэг гарсны дараа Дональд Трампын засаг захиргаа цагаачлалын эсрэг хатуу арга хэмжээгээ эрчимжүүлж байна. Ерөнхийлөгчийн тушаалын дагуу “санаа зовоож буй” 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг дахин шалгахаар шийдвэрлэжээ.
“Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу миний бие санаа зовоож буй улсуудын гадаадын иргэн бүрийн ногоон картыг бүрэн хэмжээнд, нягт нямбай дахин шалгахыг үүрэг болгосон” гэж АНУ-ын Иргэншил, цагаачлалын албаны /USCIS/ тэргүүн Жо Эдлоу пүрэв гарагт X хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“Санаа зовоож буй” гэх ангилалд багтсан орнуудын талаар тодруулахыг хүссэн CNN-ийн хүсэлтэд USCIS энэ оны зургаадугаар сарын ерөнхийлөгчийн тушаалд багтсан 19 улсыг дурджээ. Эдгээр 19 оронд Афганистан, Мьянмар, Чад, Бүгд Найрамдах Конго Улс, Экваторын Гвиней, Эритрей, Хаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен, Бурунди, Куба, Лаос, Сьерра-Леон, Того, Туркменистан, Венесуэл багтаж байна.

Гал нээсэн хэрэгт сэжиглэгдэж буй этгээд нь Афганистаны иргэн Рахманулла Лаканвал гэгч болохыг өнгөрсөн шөнө тогтоосон тул Д.Трампын засаг захиргаа цагаачлалын эсрэг арга хэмжээгээ чангатгажээ. USCIS-ийг хариуцдаг Дотоодын аюулгүй байдлын яамнаас пүрэв гарагт мэдэгдэхдээ, АНУ-ын засаг захиргаа Ерөнхийлөгч асан Жо Байдены үед зөвшөөрөл олгосон бүх орогнолын хүсэлтийг хянаж байгаа гэжээ.
Өмнө нь АНУ-ын Засгийн газар, түүний дотор Тагнуулын төв газартай хамтран ажиллаж байсан Р.Лаканвал Афганистанд Америкийн талд тусалсныхаа дараа 2021 онд Ж.Байдены “Холбоотнуудыг угтан авах ажиллагаа”-ны хүрээнд тус улсад ирсэн байна.
Тэрбээр 2024 онд орогнол хүссэн бөгөөд Д.Трампын засаг захиргаа 2025 оны дөрөвдүгээр сард зөвшөөрөл олгожээ. Төрийн департаментын мэдээлснээр, Америкийн цэргүүд 2021 оны наймдугаар сард Афганистанаас гарснаас хойш 190 мянга гаруй афганчууд АНУ-д ирж суурьшсан байна. Лхагва гаргийн орой Флорида муж улсаас дүрс бичлэгээр мэдэгдэл хийх үеэрээ Д.Трамп гал нээсэн этгээдийг АНУ-д авчирсан хэмээн Ж.Байдены засаг захиргааг буруутгаж, энэхүү халдлага нь “манай үндэстний өмнө тулгарч буй хамгийн том аюул болж байна” гэжээ.
Д.Трамп цааш нь хэлэхдээ, бид одоо Ж.Байдены үед Афганистанаас манай улсад орж ирсэн гадаадын иргэн бүрийг дахин шалгаж, манай улсад харьяалагдахгүй эсвэл манай улсад ашиг тусаа өгөхгүй аливаа гадаадын иргэнийг гаргахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах ёстой гэсэн байна.
Ногоон картыг дахин шалгах засаг захиргааны шийдвэр нь цагаачлалын эсрэг Д.Трампын байр суурьтай нийцэж байна. Ногоон карт эзэмшигчийг АНУ-ын хууль ёсны байнгын оршин суугч гэж үздэг. Энэ нь Д.Трампын засаг захиргаанаас хэдийн хязгаарлахыг эрмэлзэж буй дүрвэгсэд болон орогнол хүсэх хөтөлбөрүүдээс ялгаатай боловч дүрвэгсэд АНУ-д ирснээсээ хойш нэг жилийн дараа ногоон карт авах хүсэлт гаргах ёстой байдаг.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 11 сарын 28,
2025

Сэтгэгдэл0