sonin.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.11.28/ хуралдаж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Ерөнхий нарийн бичгийн даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилуулахаар санал оруулж буйгаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулсан юм.


Л.Өлзийсайхан нь 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, магистр зэрэгтэй. 2021 онд “Парламентын хуралдааны дэг, эрх зүйн харьцуулсан шинжилгээ” бүтээлээр Хууль зүйн ухааны докторын зэргийг хамгаалсан. 2025 онд Швейцарын Холбооны Улсын Бернийн их сургуульд зочин судлаачаар ажилласан. Профессор цолтой, Монгол Улсын гавьяат хуульч. 


Тэрбээр, 1998-2002 онд Улсын багшийн их сургуульд багш, 2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга, 2015-2017 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын дарга, 2019 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, 2019-2023 онд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажилласан байна.



Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Лувсандоржийн Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг дэмжиж, Барсүрэнгийн Баасандоржийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.