sonin.mn

Монголчууд бид улс тунхагласан өдрөө тэмдэглэх болгондоо түүхэн маргаан өрнүүлж, хэн нь илүү мэддэгээ өрсөлдөн цэцэрхэх нь бараг л уламжлал болжээ. Үндэсний бахархлын өдөр маань эв нэгдлийн баяр байх ёстой атал улстөржилт, талцлын индэр болон хувирч байгаад харамсал эрхгүй төрнө. Дэлхийн бусад улсад ийм үзэгдэл бараг үгүй хэр нь ганц бид л энэ баяраа маргааны шалтгаан болгож “он сар өдөр булаацалддаг” нь үнэхээр эмгэнэлтэй.


Дэлхийн орнуудад улс тунхагласан өдрийг хэрхэн тэмдэглэдгийг харахад нэг нийтлэг зарчим ажиглагддаг. Тэд эртний түүхээ хүндэтгэдэг ч орчин үеийн тусгаар тогтнолын эхлэлийг тодорхой нэг үйл явдлаас эхлэн тооцдог.


Хятад


Хятадын түүхийн гүн эх сурвалжийг тооцвол мянга мянган жилийн настай төрийн уламжлал бий. Гэхдээ өнөөгийн Бүгд Найрамдах Хятад Ард Улс 1949 онд байгуулагдсан тул тэд улсын баяраа тэндээс эхлэн тэмдэглэдэг. Учир нь тэдний орчин үеийн улс төрийн байгууллын эхлэл тэр өдөр гэж үздэг.


Орос


Оросын түүх ч мөн адил хэдэн зууны өмнөөс эхтэй. Гэвч өнөөгийн ОХУ-ын бүрэн эрхт байдлыг зарласан 1990 оны өдөр нь тэдний шинэ эхлэл. Тиймээс “Оросын тусгаар тогтнолын өдөр”-өө уг өдрөөр тооцдог.


АНУ


АНУ колоничлолоос салж, тусгаар тогтнолоо 1776 онд зарласнаараа орчин үеийн Америкийн улс төрийн тогтолцоо эхэлсэн гэж үздэг. Тиймээс дэлхийд хамгийн танигдсан баяруудын нэг — Independence Day — бол тэр л өдрийг тэмдэглэдэг баяр.

Хэрэв тэд бүх түүхээ тооцоод байвал уугуул индиан соёл, колоничлол, хаант төр, бүр Британи эзэнт гүрний түүхийг хүртэл “эхлэл” болгох боломжтой. Гэхдээ логик нь орчин үеийн улсынхаа эхлэлийг тэмдэглэхэд оршдог.


Франц


Францын Бүгд Найрамдах Улсын эхлэлийг Францын их хувьсгалын үеэр хаант төрийг түлхэн унагаж, шинэ тогтолцоог үндэслэсэн өдөр буюу 1789 оны 7 сарын 14 гэж үздэг. Энэ өдөр нь түүхэн ба улс төрийн шинэ байгуулал эхэлсэнтэй шууд холбоотой.


Өмнөд Солонгос


Солонгосын хойг эртний хаант улсуудаас эхтэй ч орчин үеийн Бүгд Найрамдах Солонгос Улс 1948 онд тунхаглагдсан. Тиймээс тэд “Үндэсний байгуулагдсан өдөр”-өө энэ үеэс тооцдог. Эртний хаанчлалынхаа өдрийг орчин үеийн улс төрийн баярт хольдоггүй.


Манай жишиг хаана байна вэ?


“Улс тунхаглана” гэх ойлголт эртний түүхийн үед дэлхийд байгаагүй, орчин үеийн улс орнуудын л ойлголт. Тийм байтал бид мянганы өмнөх хаант улсуудынхаа байгууллыг өнөөгийн Бүгд Найрамдах Улс тунхагласантай холбож маргалдсаар буй нь учир дутагдалтай.


Орчин үеийн Монгол бол анхдугаар Үндсэн хуулийн дагуу байгуулсан Бүгд Найрамдах засаглалтай Монгол Улс. 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, 1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан.

Логикоор бол тэр өдрөөс эхлэн бид орчин үеийн Монгол Улсын төрийн тогтолцоо, бүрэн эрхт байдлаа тооцох нь хамгийн зохистой.


Бидэнд улс тунхагласан өдрөө хэрэлдэж бус, ойлголцож тэмдэглэх шаардлага бий. Түүхээ хүндэтгэх нь маргаан хийх биш, харилцан зөв ойлголцохоос эхэлнэ.



Н.Отгончимэг