sonin.mn

ОХУ-ын Москва хотноо энэ сарын 17,18-ны өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо.


Уг хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов. Монгол Улс ШХАБ-д ажиглагч гишүүний статустай. ШХАБ-ын аль ч түвшний уулзалт Монгол Улсын хувьд хамтын ажиллагааны шинэ төслүүд, худалдаа, эдийн засгийн асуудлыг хэлэлцэх, урагшлуулах ажил хэрэгч талбар болдог. Манай улсын хувьд худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа, бүс нутгийн интеграцчлалд оролцох сонирхлоо энэхүү уулзалтын үеэр илэрхийлж, ажил хэргийн тодорхой уулзалт, яриа хэлэлцээрүүд хийсээр ирсэн.


Энэ удаа Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ, БНХАУ-ын Ерөнхий сайд нартай уулзаж, Энэтхэг, Катарын Гадаад хэргийн сайд нартай санал солилцож, хойд хөршийн төрийн тэргүүн В.В.Путинд бараалхав.


Өндөр түвшний эдгээр уулзалт ажил хэрэгч уур амьсгалд болж, хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрсэн юм. Тухайлбал, хөгжлийн төслүүд, экспорт, нефтийн бүтээгдэхүүний найдвартай хангамж, Ази-Европыг холбосон шууд нислэг үйлдэх, Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах зэрэг яриа олон асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлсэн. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг парламентаар хэлэлцэж байгаа энэ цаг үед хоёр хөрштэйгөө хамтран хэрэгжүүлэх төслүүдтэй ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө уялдуулах нь хамгийн сайн стратеги юм. Москвагийн уулзалтуудаас харахад Засгийн газар, түүний бодлого тогтвортой байгаа нь хөршүүдэд итгэл төрүүлж эхэлжээ.


Гурван улсын эдийн засгийн коридорыг өргөжүүлнэ


Ерөнхий сайд Г.Занданшатарыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин тусгайлан цаг гарган хүлээн авч уулзаж, 45 минут ярилцсан. ОХУ-ын төрийн тэргүүн хоёр улсын харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч нарын ярьж тохирсон ажлууд саадгүй урагшилж байгааг тодотгож хэлсэн.


Хоёр улсын хооронд хийгдэж буй худалдаа энэ оны эхний найман сард 7.9 хувиар өссөн. Энэ нь өнөөгийн нөхцөл байдалд маш сайн үзүүлэлт гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч онцолж байв. Ирэх 2026 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг хамтран тэмдэглэхээр болов.


Улаанбаатар- Москвагийн чиглэлд шууд нислэгтэй болох тохиролцоог 2026 оны 1-р улиралд багтаан ажил хэрэг болгохоор холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Эхний ээлжид Улаанбаатар-Красноярск-Москва чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Оросоос зорчигч татаж чадвал Улаанбаатараар дамжаад Зүүн өмнөд Ази руу нисдэг томоохон урсгал бий болно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин гурван улсын хамтын ажиллагааны платформыг өргөжүүлэхэд анхаарал хандуулж байгаагаа уулзалтын үеэр онцолж, энэ асуудлаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзахдаа онцлон ярилцсан гэдгээ хэлж байв.


ШХАБ-ын орнуудтай дэд бүтцийн салбарт хамтарна


ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны гол сэдэв нь эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны хамтын ажиллагааны замын зураглал, эрчим хүч, хөрөнгө оруулалт, төлбөр тооцооны механизм зэрэг асуудал байв.


Москвагийн уулзалтаар ШХАБ-ыг гишүүн орнууд 2035 он хүртэлх хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө батлав.


Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өргөтгөсөн хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ Ази, Европыг холбосон худалдаа, аялал жуулчлал, тээвэр логистикийн зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтын хүрээнд дэд бүтэц, хот байгуулалт болон эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын төслүүд, хүмүүнлэгийн салбарт ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн сөрөг нөлөөг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд ШХАБ-ын гишүүн орнуудтай бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Ерөнхий сайд мөн нотолж 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд ШХАБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчдийг өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг Ерөнхий сайд Г.Занданшатар урьсан.


Нүүрсний экспорт, шатахууны импортыг нэмэгдүүлнэ


Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрш хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар онцгойлон анхаарч, нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа хэлсэн юм.


Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох, гурван улсын эдийн засгийн коридор байгуулах, “Транзит Монгол” төслүүдийг урагшлуулахад БНХАУ ч, ОХУ ч бэлэн байгаагаа Ерөнхий сайд Г.Занданшатарт хоёр хөршийн гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд илэрхийлсэн.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзах үеэрээ Монгол Улсаас БНХАУ-д экспортлох нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлж 100 сая тоннд хүргэх, хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, үүний тулд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн протоколын тоог нэмэгдүүлэх замаар хоёр талын худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэх санал дэвшүүлсэн. Өмнөд хөршийн Засгийн газрын тэргүүн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой, урт хугацаанд урагшлан хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа дурдаад Хятадын асар том зах зээл Монгол Улсад үргэлж нээлттэй гэв.


Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзахдаа худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ онд багтаан Улаанбаатар хотод зохион байгуулахаар тохиролцсон.


ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин ОХУ шатахуун, автобензиний экспортдоо тодорхой хязгаарлалт хийж буй ч энэ нь Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.