БЕРЛИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Герман руу хийсэн импортын хэмжээ 2025 оны эхний гурван улиралд нэмэгдсэний дүнд Хятад улс АНУ-ыг гүйцэн түрүүлж, Германы хамгийн том худалдааны түнш болжээ.
Хятадын хувьд дээрх хоёр улстай татварын маргаан үүсээд байгаа үед, мөн Германаас хоёр гол зах зээл рүүгээ хийх экспорт буурч байгаа үед дээрх үзүүлэлт бүртгэгдсэн байна. Ялангуяа авто машины борлуулалт буурчээ.
Германы Засгийн газрын статистикийн алба болох “Дестатис”-аас лхагва гарагт мэдээлснээр, Хятадтай хийсэн нийт худалдааны хэмжээ энэ оны 1-9 дүгээр сарын хугацаанд 185.9 тэрбум еврод /ойролцоогоор 215 тэрбум ам.доллар/ хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин АНУ-тай хийсэн худалдаа 2024 оны эхний есөн сарынхтай харьцуулахад 3.9 хувиар буурч, 184.7 тэрбум евро болжээ. БНХАУ 2016 онд АНУ-ыг гүйцсэнээр Германы хамгийн том худалдааны түнш болж байсан боловч өнгөрсөн жил тэргүүлэх байр сууриа алдсан юм.
Хоёр улсаас Герман руу импортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ АНУ-ын хувьд 2.8 хувиар, харин Хятадын хувьд 8.5 хувиар тус тус өссөн байна. Үүний зэрэгцээ Германы экспортын хэмжээ тус хоёр чиглэлд буурч, Хятад руу 12.3 хувиар, АНУ руу 7.8 хувиар тус тус буурсан дүн үзүүлжээ.
Гэхдээ АНУ нь Германы хувьд нийтдээ 112.7 тэрбум еврогийн борлуулалттай /61.4 тэрбум еврогийн борлуулалттай харьцуулахад/ экспортын зах зээл хэвээр байгаа нь Германы тал АНУ-тай худалдааны илүүдэлтэй, Хятадтай худалдааны алдагдалтай хэвээр байгаа гэсэн үг юм. Германд хамгийн их бараа импортолдог хоёр дахь том улс бол АНУ биш, харин хөрш Нидерланд бөгөөд АНУ гуравдугаарт жагсаж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл0