sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /AP/. АНУ-ын Конгрессын хоёр танхим мягмар гарагт санхүүч, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгч Жеффри Эпштейнтэй холбоотой бүх баримт бичгийг ил болгохыг шаардсан хуулийн төслийг баталжээ.


Төлөөлөгчдийн танхимын хууль тогтоогчид уг арга хэмжээг ерөнхийдөө санал нэгтэйгээр дэмжиж, Бүгд Найрамдах намын нэг гишүүн эсрэг санал өгсөн байна. Үүнээс хэдэн цагийн дараа Сенат мөн хуулийн төслийг санал нэгтэйгээр батална гэдгээ мэдэгджээ.


Ингэснээр Сенатад санал хураалт явуулах шаардлагагүй бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трампад гарын үсэг зуруулахаар илгээх юм. Түүний хувьд уг баримт бичигт гарын үсэг зурна гэдгээ амласан билээ. Санал хураалтыг Д.Трамп болон Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон олон сарын турш эсэргүүцэж байсан юм.


Харин ихэнх бүгд найрамдахчууд тэднийг эсэргүүцнэ гэдэг нь тодорхой болсон тул Д.Трамп амралтын өдрүүдэд байр сууриа өөрчилж, Бүгд Найрамдах намынханд бичиг баримтуудыг ил болгохын төлөө санал өгөхийг уриалсан юм.


Ерөнхийлөгч баримт бичиг дэх өөртэй нь холбоотой байж болзошгүй мэдээллийг нуун дарагдуулахын тулд дэлгэхийг хориглохыг оролдсон хэмээн Трампыг шүүмжлэгчид буруутгаж байлаа. Ж.Эпштейн 2019 онд шоронд шүүх хурлаа хүлээж байхдаа амиа егүүтгэсэн юм. Тэрбээр өмнө нь 19 нас хүрээгүй охиныг биеэ үнэлэхийг ятгасан хэргээр яллагдаж байжээ.


Өнгөрсөн долоо хоногт Төлөөлөгчдийн танхимын хяналтын хороо энэ оны эхээр Ж.Эпштейний гэрээс олж авсан олон мянган цахим шуудан, баримт бичгийг нийтэлсэн юм. Д.Трампын нэр 2019 онд Ж.Эпштейнээс нэгэн сэтгүүлчид илгээсэн цахим шууданд дурдагдсан бөгөөд Д.Трамп “охидын талаар мэдэж байсан” гэж санхүүч хэлжээ.


Цагаан ордны зүгээс "Д.Трампын эсрэг улс төрийн кампанит ажлын хүрээнд цахим шуудангуудыг сонгон задруулсан" гэж Ардчилсан намынхныг буруутгаж байгаа юм. Харин Д.Трамп өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, энэ асуудлыг “заль мэх” гэж үзэхийг өөрийг нь дэмждэг хүмүүст уриалж байв.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг