sonin.mn

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл: "УИХ-ын дарга нь аль нэг намын дарга байж болохгүй тухай, бүр тодорхой заалт ярих юм бол УИХ-ын дарга тухайн намынхаа гишүүнээс түдгэлздэг байж болох тухай жишиг парламентат ёстой олон улсын жишиг байдаг юм байна.


Энэ хүрээнд асуудлыг хуулийн төсөл өргөн барих нь зүйтэй гэдэг асуудлыг АН-ын бүлэг хэлэлцлээ. АН дотор Засгийн газарт орох тухай яриа байхгүй. Яагаад гэвэл ард түмний сонголтоор олонхи, цөөнхтэй парламент үүсчихсэн. Сонгуулийн дараа ард түмний сонголтыг засварлаад суух нь, тэр тусмаа нэг нь зүүний нам, нөгөө нь барууны хоёр нам яаж нийлж бодлого боловсруулж урагшаа харж алхах юм бэ? Энэ бол зарчмын бус асуудал гэдэг байр суурийг удаа дараа илэрхийлж байсан.



УИХ-ын дарга нь аль нэг намын дарга байж болохгүй гэдэг олон улсын жишгийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр ч яг энэ хамтарсан Засгийн газрын асуудал гарч ирж байна. АН-д УИХ-ын даргыг өгөх юм гэнэ гэдэг цуурхал зөндөө явдаг. Гэтэл яг энэ асуудлаар тодорхой хариулт өгч байна.



АН хамтраад АН-ын дарга УИХ-ын даргад яригдах нь зүй зохистой асуудал биш гэж бид маш тодорхой хариулт өгч байгаа л хэрэг. Тийм зүйл байхгүй. Бидний санаачилсан хуулийн төсөл дээр УИХ-ын дарга нь намын дарга төдий биш, бүр намын гишүүнээс түдгэлзэх ёстой гэдэг давхар санаа, зүйл заалт явж байгааг та бүхэн тодотгож хараарай.


Зөвхөн намын даргаас биш, улс төрийн аль нэгэн намын гишүүнээс түдгэлзэх ёстой, нам бус байх ёстой гэдэг санаа байгаа. " гэв.



Н.Отгончимэг