
Энэ жил “80 жил” нь тохиож буй дэлхийн хамтын нийгэмлэгийн төв байгууллага. Мөнөөхөн Тяньжинд хуралдсан ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XXV хурлаас батласан “Тяньжины Тунхаглал”-ын 1 дүгээр бүлэгт “Дэлхийн II дайнд ялсны болон НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойн уриан дор 2025 оныг туулж байна” хэмээн заасан. Хүн төрөлхтөн хоёр чухал ой тэмдэглэж байна гэсний цаана түүх сөхөж уншигчиддаа түүхэн мэдлэг түгээе.
Нэг. Он цагийн хэлхээс–Үе шатууд
НҮБ-ын түүх бүр 1941 оноос яригддаг. Зөвлөлтийн ард түмний Эх орны дайнаас 10 хоногийн өмнө анх НҮБ байгуулах асуудлаар 14 улс “Сент-Жеймсийн ордны холбоотны тунхаглал” гэдгийг батлажээ. Энэ нь Лондонд Их Британи болон Европын эзлэгдсэн орнуудын хөөгдмөл Засгийн газруудын хамтарсан хурлаар шийдэгджээ. Их Британи нь дэлхийн II дайнд татагдан ороод 22 сарыг үдээд байсан тэр цаг үе. Лондон хот 22 сарын турш германы бөмбөгдөлтөд дайрагдаж, Европ тив тэр чигээрээ Герман-Италийн тэнхлэгийн цэргийн эрхшээлд эзлэгдээд байв. Ийм нөхцөлд ялагдсан Европын улс түмнүүд дайнд ялж гарах, дайны дараахи ирээдүйгээ тунхагласан түүхэн баримт бичиг 1941.06.12-нд батлажээ. Их Британи, Кaнад, Aвстрали, Шинэ Зeлaнд, Өмнөд Африкийн Холбоо, мөн эзлэгдсэн Бельги, Чехословак, Грек, Люксембург, Нидeрлaнд, Нoрвег, Пoльш, Югослaв, генерал де Голлийн толгойлдог Франц эл Тунхаглалд нэгджээ.
1941.08.14. Атлантын Харти. АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Винстон Черчилль нар Энх тайван, аюулгүй байдлын салбарт баримтлах олон улсын хамтын ажиллагааны зарчмуудыг санал болгосон баримт бичигт гарын үсэг зуржээ. Түүнд аюулгүй байдлын байнгын тогтолцоо буй болгох тухай анх удаа дурджээ. Атлантын задгай далайд “Уэльсийн хунтайж” хэмээх цэргийн хөлөг онгоц дээр уг уулзалт ёслол тохиосон тул “Атлантын Харти” хэмээн түүхэнд бичигджээ.
1942.01.01. Вашингтон хотноо НҮБ-ыг анх тунхаглав. Герман-Итали-Японы “Тэнхлэг”-ийн эсрэг байлдаж буй холбоотон 26 улсын төлөөлөгчид Атлантын Хартийг дэмжиж байгаагаа илэрхийлэн НҮБ-ын Тунхаглал батлав. Баримт бичигт Рузвельтын санал болгосон “Нэгдсэн үндэтснүүд” гэсэн нэр томъёо анх удаа бичигдэв. Тунхаглалд эхлээд АНУ, Их Британи, Хятад (тэр үеийн Дундад Иргэн Улс), ЗСБНХУ гарын үсэг зурсан бол дараа нь 21 улс нэгдэж оржээ. Энэ 26 улс гэдэг нь АНУ, Их Британи, ЗСБНХУ, Хятад, Aвстрали, Бeльги, Кaнaд, Кoстa-Рикa, Кубa, Чeхoслoвaк, Доминикaн, Сальвaдoр, Грeк, Гвaтeмaл, Гаити, Гoндурaс, Энэтхэг, Люксeмбург, Нидeрлaнд, Шинэ Зeлaнд, Никaрагуа, Норвег, Панам, Пoльш, Өмнөд Африкийн Холбоо, Югослав ба дараа нь нэгдэж орсон нь Meксик, Филиппин, Этиоп, Ирaк, Бразил, Боливи, Иран, Кoлумб, Либeр, Фрaнц, Эквадор, Пeру, Чили, Пaрaгвaй, Вeнeсуэл, Уругвaй, Tурк, Eгипет, Саудын Араб, Сири, Ливан ажээ.
1943.10.18-11.01. Москвад ЗСБНХУ, АНУ, Их Британи, Хятадын бага хурал хуралдав. Энх тайван, аюулгүй байдлыг дэмжин сахиулах олон улсын байгууллага дэлхийн II дайны дараа нэн даруй байгуулахыг уриалсан Тунхаглал батлав. Дөрвөн гүрэн тус тусдаа үндэсний хороодоо байгуулан, тийм шинэ байгууллагын дүрэм (харти) боловсруулах үүрэг хүлээв. 1943.11.28-нд Холбоотон гурван гүрний удирдагчид Тегеранд уулзав. Тегераны бага хурлаар НҮБ байгуулахаа дахин нотлов. 1943.12.01-нд Гурван гүрний Тунхаглал батлав. Дэлхийн ардчилсан үндэстнүүдийн их гэр бүлд том жижиг бүх улс үндэстэн оролцох эрхийг зааж өгөв.
1944.08.21-10.07. Думбартон Окс. Эхлээд АНУ, Их Британийн хоёр улсын төлөөлөгчид тусдаа Зөвлөлтийн төлөөлөгчидтэй 1944.08.21-09.28-нд, дараа ДИУ-ын төлөөлөгчидтэй 1944.09.29-10.07-нд Думбартон Окс хотноо уулзаж, “Олон улсын энх тайван, аюулгүй байдлын тухай Вашингтоны нэмэлт” баримт бичгийг тохиролцсон ба “Олон улсын ерөнхий байгууллага байгуулах тухай санал”-аа Думбартон Оксын бага хуралд гэрээний хэлбэрт оруулан 1944.10.09-нд хэлэлцүүлэв. Энэ санал 1945 онд Сан-Францискийн ажлын баримт бичиг болжээ.
1945.02.04-11. Ялта. Гурван гүрний бага хурлаар “Дэлхийн байгууллага” гэсэн нэрээр яригджээ. Думбартон Оксын бага хурлын саналын баримт бичгийг 1945.02-02-03.08-нд Мехико хотноо Америкийн БНУ-ууд бага хурлаараа хэлэлцэж дэмжив.
1945.04.25-06.26. АНУ-ын Сан-Франциско хотноо “Санал болгосон дэлхийн байгууллагын тухай Нэгдсэн үндэстний бага хурал”-д санаачлагч 4 улсаас гадна Герман ба Японд дайн зарласан, Нэгдсэн Үндэстний Тунхаглалд нэгдэж орсон 40 улс оролцов. 1945.06.26-нд Сан-Францискод дэлхийн 50 улсын төлөөлөгчид НҮБ-ын Харти буюу Дүрэмд гарын үсэг зурав. Тухайн үед Польш нь нэр дурдагдсан, гэвч төлөөлөлгүй байсан, хожим нь 51 дэх гишүүн болж нэгдэж орсон. Ийнхүү Атлантын Хартигаас эхтэй үйл явц НҮБ болж төлөвшсөн ба нэгдэж орсон улс орнуудын конгресс ба парламентаар уг Дүрэм батлагдсаар 1945.10.24 гэхэд НҮБ бодит ажил хэрэг болжээ.
НҮБ-ын 51 улсын төлөөлөлтэй Ерөнхий Ассамблейн анхдугаар чуулган, мөн Аюулгүйн Зөвлөлийн анхдугаар хурал Лондонд 1946 оны нэгдүгээр сард чуулжээ. НҮБ-ыг АНУ-ын Нью-Йорк хотын ойролцоо байрлуулах тухай шийдвэр Ерөнхий Ассамблейн анхдугаар чуулганаас 1946.02.14-нд гаргаж, уг шийдвэрийн дагуу 1946.08.16-нд НҮБ-ын төв нь Нью-Йоркийн өмнөд хэсэгт усаар хиллэх Лонг-Айленд арлын Лейк-Саксесс тосгонд нээгдэж, түр байрлажээ. 1946.12.14-нд одоогийн байрлаж буй газрыг сонгож 1947 оны 11 дүгээр сард төв байрны архитектурын төлөвлөгөөг Ерөнхий Ассамблей батлаж, барилгын ажил 1948.09.14-нд эхлэж, барилгыг суурь 1949.10.24-нд тавигдаж, 1951.01.10-нд нээлтээ хийжээ.
Хоёр. Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа
Дэлхийн II дайны үед “Нэгдсэн үндэтснүүд”-ийн талд тууштай зогсож, дайны ялалтад түүхэн хувь нэмрээ оруулсан Монгол улс 1946 онд НҮБ-д элсэхээр шийдсэн билээ. 1911 оноос эхлэн дэлхий нийтээр ялангуяа хүчирхэг гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх хүсэл эрмэлзлэлийн оргил нь энэ байлаа. Зөвлөлт, Хятад (ДИУ) хоёроор хоёулангаар нь тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн монголчууд шинэ байгуулагдсан НҮБ болон дэлхийн хүчирхэг гүрнүүдээр олон жилийн тэмцлийн үр дүнгээ хүлээн зөвшөөрүүлэхээр зориг шулуудан Ерөнхий сайд Чойбалсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Трюгве Ли-д захидал бичин Монголыг энэ байгууллагад элсүүлэхийг хүсчээ. Ингээд Нью-Йорк руу төлөөлөгчдөө илгээжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өргөдлийг хэлэлцэв. Хэрэв АНУ-ын дэвшүүлсэн универсализм хэмээх хавтгайруулан элсүүлсэх зарчмыг Зөвлөлтийн төлөөлөгч хүлээн авчихсан л бол нэр дэвшсэн 9 улс (Албани, Монгол, Афганистан, Трансиордан, Ирланд, Португал, Исланд, Швед, Сиам) зэрэг НҮБ-д элсчих байсан ба харин зөвлөлт нөхөд “улс орнуудыг эд бараа биш, улс орон бүрийг нэг бүрчлэн хэлэлцъе” гэж зүтгэсээр байгаад америкийн саналыг унагав. Зөвлөлтийнхөн Португал, Иорданыг элсүүлэхгүй хэмээн чичлэн дайрав. Хариуд нь Америк, Британи хоёр Албани, Монгол хоёр дээр саад хийв. Ингээд Афганистан, Исланд, Швед гурав тунаж Ерөнхий Ассамблейд орохоор болжээ.
Уг нь өргөдөл өргөн барьсан 9 улсын жагсаалтын хоёрт нь Монгол байна. Хэрэв хавтгайруулан элсүүлсэх зарчмаар элсчихсэн бол НҮБ-ын 53 дахь гишүүн нь буюу үндэслэгчдийн хоёрдугаар эгнээнд мөнхрөх байжээ. Манай төлөөлөгчдийн тэргүүн Ю.Цэдэнбал нь Нью-Йоркоос буцаж ирээд хотын намын идэвхтний хурал дээр “БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд аваагүйн шалтгаан” хэмээх илтгэл тавьж, АНУ-ын универсализм хэмээх хавтгайруулан элсүүлсэх зарчмыг шүүмжилж нэг бүрчлэн хэлэлцэж элсүүлэх Зөвлөлтийн зарчмыг хамгаалж магтсан нь 1961 он хүртэл дахин 15 жил хүлээх үйлийн үр рүү хөтөлжээ.
Д.Баярхүү
Сэтгэгдэл0