
ЁКОХАМА, 2025 оны наймдугаар сарын 22 /NHK/. Африкийн хөгжлийн асуудлаарх Токиогийн бага хурал /TICAD/ хамтарсан тунхаг гаргаснаар өндөрлөлөө. Энэхүү хуралд Япон болон Африк тивийн 49 орны удирдагчид оролцжээ. Баасан гарагт Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү Токиогоос холгүй орших Ёкохама хотод гурван өдрийн турш үргэлжилсэн хурлын төгсгөлд хэлсэн үгэндээ, Япон улс Африкийн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх хүсэлтэй байна гэлээ.
“Африк тив нь хүн ам, нөөц баялаг, хүмүүн капиталаараа асар их хүчин чадалтай бөгөөд улам илүү өсөж хөгжих бололцоо бий. Африкт тулгарч буй олон сорилтыг хамтдаа шийдвэрлэснээр тивийн өсөлт эрчимжиж, цэцэглэн хөгжих нь Японд ч ашиг тустай” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Бага хуралд оролцогчид уулзалтын төгсгөлд Ёкохамагийн тунхаглалыг баталсан байна. Уг баримт бичигт хүнсний хангамжийг тогтвортой хангахын тулд хөдөө аж ахуйн тогтолцоог бэхжүүлэх, аюулгүй, найдвартай хиймэл оюун ухааныг хөгжүүлэхийг уриалжээ. Түүнчлэн залуучуудын солилцоог өргөжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, гарааны бизнесийг дэмжих амлалт өгсөн байна.
Мөн Африк болон бусад бүс нутгуудын хоорондын тээврийн холболтыг сайжруулах, тээвэр, логистикийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөнүүдийг онцлон тэмдэглэжээ. Уг баримт бичигт мөн чухал ач холбогдолтой ашигт малтмалыг хариуцлагатайгаар олборлож, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахаар тусгасан байна.
Хамтарсан тунхаглалд Япон, Африкийн улс орнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, тэр дундаа цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана хэмээн бичжээ. Мөн гамшгийн үед зарлан мэдээлэх, бэлэн байдлыг сайжруулахыг уриалсан байна.
Уг баримт бичигт Африк тивд энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход Япон улс хувь нэмрээ оруулна хэмээн амлажээ. Түүнчлэн сайн засаглал, ардчилал, хууль дээдлэх ёс нь Африкийн тогтвортой хөгжлийн тулгуур багана мөн гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Хятадууд Ангол улсаас бөөнөөрөө гарч байна. Африкийн Ангол улсад шатахууны үнэ 30 гаруй хувиар нэмэгдэж, юмны үнэ гэнэт тэнгэрт хадсаныг иргэд нь эсэргүүцэж жагсаал цуглаан хийжээ. Гэтэл жагсаал цуглаан нь үймээн болж, тус улсын уул уурхайн баялгийг олборлож, худалдаа үйлчилгээ гээд эдийн засгийн салбаруудад эзэн суусан хятадууд олноороо өртсөн байна. Учир нь хятадууд Анголд олноор суурьшин хөрөнгө оруулж, тус улсад уул уурхайн бизнес эрхэлж, худалдаа, үйлдвэр үйлчилгээ гээд эдийн засийн гол салбаруудад эзэн суусан ч анголчууд өөрсдөө туйлын ядуу хэвээрээ үлджээ. Байгалаа сүйтгүүлэн газрын хөрсөн доорх баялгаа хайр гамгүй ухуулдаг ч туйлын ядуу зүдүү байгаадаа уурссан анголчууд хятадуудын ажиллуулдаг дэлгүүр хоршоо, үйлдвэрүүдийг дайрснаас болж хятадууд ийнхүү олноороо тус улсыг орхин гарч байна.