
2025 оны 8 дугаар сарын 20-нд Афганистаны нийслэл Кабул хотноо Хятад, Афганистан, Пакистаны Гадаад харилцааны сайд нарын зургаа дахь удаагийн гурван талт уулзалт болж өндөрлөлөө.
Уулзалтад ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, Афганистаны Гадаад харилцааны сайд Амир Хан Муттаки, Пакистаны шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Мухаммад Ишак Дар нар оролцов.
Ван И гурван талын яриа хэлэлцээний механизм дахин сэргэснээс хойш улс төр, хөгжил, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаа тууштай өргөжиж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэв. Тэрбээр Хятад улс Афганистан, Пакистантай харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, амин чухал ашиг сонирхлын асуудлаар бие биеэ ойлгон дэмжиж, гаднын аливаа оролцоог эсэргүүцэхийн зэрэгцээ ямар ч байгууллага, хувь хүн бусдын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдахыг эрс эсэргүүцэх ёстойг тодотгов. Мөн Афганистан, Пакистан хоёр талын харилцаагаа сайжруулж, санал зөрөлдөөнөө яриа хэлэлцээгээр шийдвэрлэн, гурван талын хамтын ажиллагааг тогтвортой урагшлуулахыг Хятад улс дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлэв.
Амир Хан Муттаки болон Мухаммад Ишак Дар нар гурван талын механизмын хүрээнд гарсан ахиц дэвшлийг өндрөөр үнэлж, Хятад Улсын оруулсан хувь нэмрийг сайшаав.
Амир Хан Муттаки Хятад, Пакистаны олон улсын тавцанд үзүүлж буй тууштай дэмжлэгт талархал илэрхийлээд, энэ удаагийн уулзалт гурван талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж гэж үзэж буйгаа тэмдэглэв. Харин Мухаммад Ишак Дар “Бүс ба зам” санаачилга, худалдаа болон дэд бүтцийн холболт, терроризмын эсрэг хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцолж, хилийн чанад дахь Афганистаны царцаагдсан хөрөнгийг чөлөөлөхийг уриалав.
Түүнчлэн гурван тал хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамтдаа дэмжихээр санал нэгджээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0