sonin.mn

КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 21 /DW/. Австри, Швейцар эсвэл Туркт Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах хүсэлтэй байгаагаа Украины Ерөнхийлөгч В.Зеленский илэрхийлжээ. Тэрбээр лхагва гарагт Киев хотноо сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна. “Төвийг сахисан Европт уулзалтыг хийвэл шударга ёсонд нийцнэ гэж бид үзэж байна. Швейцар эсвэл Австрид хийхийг бид зөвшөөрч байна. Харин Туркийн тухайд – энэ бол НАТО-гийн гишүүн улс, Европын нэг хэсэг, бид үгүйсгэхгүй” гэж Зеленский хэлээд, Москвад уулзах боломжгүй гэдгийг дурдлаа.



“Будапештийн тухайд гэвэл, өнөөдөртөө энэ бол хүндрэлтэй асуудал. Шулуухан хэлэхэд, Будапешт биднийг дэмжээгүй, Орбаны бодлого нь Украины эсрэг, Украиныг дэмжихийн эсрэг байсан” гэж Украины Ерөнхийлөгч хэлээд, Унгарын тал Украиныг Европын Холбоонд элсүүлэхийн эсрэг байр суурьтай байгааг сануулав.



Хэдхэн хоногийн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ, Путин, Зеленский нар 22-ны өдөр уулзаж магадгүй гэж байсан юм. 18-нд Вашингтонд болсон уулзалтын дараа Д.Трамп болон Европын улсуудын удирдагчид “Орос, Украины удирдагчдын уулзалтад бэлтгэж эхэлсэн” тухай мэдэгдсэн боловч тодорхой огноог дурдаагүй билээ. Германы Канцлер Ф.Мерц хэлэхдээ, уулзалтыг ойрын хоёр долоо хоногийн дотор зохион байгуулах ёстой гэж байв. Харин Москвагийн зүгээс уулзалтад бэлэн гэсэн боловч тодорхой хугацаа заагаагүй хэвээр байна.


“Одоо Оросын зүгээс тодорхой алхам хийх ёстой” гэж Зеленский сэтгүүлчдэд хандан мэдэгдээд, Украины тал 7-10 хоногийн дотор аюулгүй байдлын баталгааны ерөнхий зураглалыг хүлээн авахыг хүсэж байгаа бөгөөд гурван талт уулзалтыг хүлээж байгаа гэдгийг хэлэв. “Хоёр талын уулзалтын тухайд би хариугаа тэр даруйд нь өгсөн. Бид бэлэн байна. Хэрвээ оросууд бэлэн бус байвал яах вэ? Оросууд бэлэн бус байгаа бол АНУ-ын зүгээс үүнд хүчтэй хариу үйлдэл үзүүлээсэй хэмээн бид хүсэж байна” гэж Зеленский онцлон дурдлаа.  



Б.Адъяахүү