sonin.mn

СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 21 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Гейтсийн сангийн тэргүүн Билл Гейтстэй өнөөдөр уулзаж, дэлхийн эрүүл мэндийн санаачлагуудыг хэрэгжүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ. 


Б.Гейтсийн нийгмийн эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг Ли Жэ Мён өндрөөр үнэлээд, ашгийн бус тус сангийн дэлхийн санаачилгуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх арга замыг эрэлхийлэхээ амласан байна. Уулзалтын эхэнд Ли Жэ Мён хэлэхдээ “та бүхэн вакцин гарган авах, байгальд ээлтэй эрчим хүчний байгууламж байгуулах зэргээр хүн төрөлхтний сайн сайхны төлөө ажиллаж байгаа нь үнэхээр бахархам үйлс мөн” гээд, БНСУ-ын Засгийн газар ч мөн энэхүү үйл хэрэгт боломж бололцооныхоо хэрээр оролцох арга замыг эрэлхийлнэ гэв.


Үүний хариуд Б.Гейтс, Өмнөд Солонгосын тал вакцин, оношилгооны тоног төхөөрөмжийн салбар дахь “шинэлэг бүтээгдэхүүнүүд” болон бусад чиглэлээр хувь нэмрээ оруулах замаар дэлхийн эрүүл мэндийн санаачлагуудад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. “Солонгос дахь био шинжлэх ухааны салбарын хөгжил үнэхээр гайхалтай” гэж тэрбээр нэмж хэлээд, түүний сан “SD Biosensor”, “EuBiologics”, “SK bioscience”, “LG” компаниудтай хамтран ажиллаж байгааг дурдлаа.


Б.Гейтс мөн ХДХВ, хумхаа, сүрьеэ зэрэг өвчнийг устгах чиглэлд Гави вакцины холбоо болон Глобал сангийн гаргаж буй ололт амжилтуудыг танилцуулж, дэлхийн эрүүл мэндийн санаачилгуудыг хэрэгжүүлэхэд Өмнөд Солонгос ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Б.Гейтс бага орлоготой орнуудад вакцин нийлүүлэх төслийн талаар Солонгосын эмийн компаниудтай хамтран ажиллах боломжийг судлахаар Өмнөд Солонгост ирээд байгаа ажээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг